Эмэгтэй гишүүд Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг нэн яаралтай хэлэлцэхийг шаарджээ
Өчигдөр НББСШУ-ы байнгын хорооны хуралдаанаар Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийх үеэр МАН-ын бүлгийн гишүүд завсарлага авч
Үүнд энэ хуулийг эхнээс нь дэмжиж ажилласан УИХ-ын эмэгтэй гишүүд ихээхэн эгдүүцэж байнгын хорооны хурлыг орхин гарч, хуулийн төслийг хэлэлцэхээс нааш НББСШУ-ын байнгын хорооны хуралдаанд суухгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна.
Ц.Оюунгэрэл гишүүн : Нэг ч гэсэн хүүхдийн амь нас эрсдэхээс өмнө хуулийг батлах хэрэгтэй
Өргөн баригдсанаасаа хойш бараг 3 дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа энэ хуулийн төслийн ажлын хэсэгт УИХ-ын эмэгтэй гишүүд идэвх санаачлагатай ажиллаж байна. Бид хэрэгжүүлэхэд гарч болох зөрчлүүдийг бид нарийн тооцоолж, асуудлыг шийдэх гарц гарган, ойлголцлын зөрүүг арилгах зарчмын зөрүүтэй саналын томъёоллууд оруулж ирсэн.
Энэ хооронд гэртээ цоожлуулж эсвэл айлд үлдсэн гээд арав гаруй хүүхэд галд шатаж, амь насаа алдлаа. Тэр хүүхдүүдэд тохиолдсон аюултай нөхцөл байдал завсарлага авч байгаа УИХ-ын гишүүдэд огтхон ч нөлөөлөөгүй юм байна. Байх л ёстой зүйл шиг хүлээж авч байна. Нэг ч гэсэн хүүхдийн амь насыг эрсдэхээс өмнө нэг ч гэсэн хоногийн өмнө энэ хуулийг батлах хэрэгтэй байтал ингэж хайхрамжгүй хандаж байгаад эмэгтэй гишүүд бид үнэхээр их бухимдаж байна.
С.Одонтуяа гишүүн: Монголын хүүхдүүдээс таван тэрбумыг харамлах эрх гишүүдэд байхгүй
БСШУЯ-аас хийсэн судалгаагаар 2020 он гэхэд сургууль, цэцэрлэг, дотуур байрны зориулалттай 1750 объект хэрэгтэй байгаа. Бид 5 жилийн дотор ийм олон барилга байгууламж барих боломжгүй учраас хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг нэн даруй батлах ёстой. Гэвч байнгын хорооны хуралдааны үеэр МАН завсарлага авсан нь дээрх хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэж амжихгүй болоход хүргэж байна.
МАН-ын гишүүд энэ хуулийн төсөлд 50 тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн, тийм их мөнгө байхгүй гээд байгаа. Эхний жил хууль, стандартаа батлах, сурталчлах, хүмүүсээ сургахад таван тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Монголын хүүхдүүдээс таван тэрбумыг харамлах эрх гишүүдэд байхгүй. Өнөөдөр хүүхэд хамгааллын болон гэр бүлийн эрх зүйн орчин байхгүй. Үүнийг шийдэхгүй бол эсэргүүцлийн арга хэмжээ авахад бэлэн байна.
Д.Арвин гишүүн : Хууль есөн сард хэрэгжих ёстой гэсэн шаардлага тавина
Амьдрал мэдэхгүй, хөрөнгө мөнгөнд сонирхолтой хүмүүс УИХ-д сонгогдсоноос эх, хүүхдүүд, нийгмийн асуудалд маш олон жил хориг саад тавьж байгааг эсэргүүцэх цаг болсон. Иргэд энэ хуулийг хүлээж байна. Жишээлбэл, Баянзүрх дүүрэгт гэхэд 30 хувийн цэцэрлэг байгуулагдсан. Сүүлийн хоёр жилийн хугацаанд очих бүрт хууль хэзээ батлагдах гэж байна вэ хэмээн өөдөөс асуудаг.
Д.Хаянхярваа нарын гишүүд маш муухай асуудал тавьж байна, мөнгө байхгүй гэж...
Бид энэ асуудлаар УИХ-ын даргад хандаж, хууль есөн сард хэрэгжих ёстой гэсэн шаардлага тавина. Ер нь бол амьдрал мэдэхгүй хэдэн эрэгтэй гишүүнээс болж завсарлага авч байна. Бүлгүүд энэ асуудалд анхаарахгүй бол эмэгтэй гишүүд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд суухгүй.