Хууль

“Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомжийн шинэчлэл” хэлэлцүүлэг болно

О.Намуун
2015-06-17 10:13

“Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомжийн шинэчлэл” хэлэлцүүлэг 6 сарын 22-ны өдрийн 16.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд зохион байгуулагдах гэж байна. Хуульчийн эрх зүйн байдлын тухай шинэчилсэн найруулга, Өмгөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Нотариатын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд бэлэн болж, УИХ-д өргөн баригдаад байгаа. Эдгээр хуулиудын төсөл батлагдвал хуульчдын мэргэжлийн үйл ажиллагаа, өөрийн удирдлагын тогтолцоог одоогийнхоос эрс өөрчилж, хуульчдын болон тэдний үйлчлүүлэгчдийн ашиг сонирхол төдийгүй хуулийн засаглал, шударга ёсонд ихээр нөлөөлнө. Тиймээс, төслүүдийн талаар үндэслэл, судалгаатай ярилцах зорилгоор “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомжийн шинэчлэл” хэлэлцүүлэг болох юм.


Хэлэлцэгдэх асуудлууд:
• Өмгөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дахин батлах нь олон улсын чиг хандлагад нийцэх үү? Өмгөөлөгчийн шалгалт, Өмгөөлөгчдийн холбооны заавал гишүүнчлэл зэрэг өөрчлөлт шаардлагатай юу?
• Монголын Хуульчдын холбоо нийтийн эрх зүйн этгээдийн хувьд ямар чиг үүрэгтэй вэ? Энэ байгууллага Монголын нийгэмд юу хийж чадах вэ?
• Хуульч гэж хэн бэ? Хуульчийн зөвшөөрлийн ач холбогдол юу вэ? Мэргэшсэн хуульчид тавигдах шаардлагыг хуулиас хасах нь зөв үү?
• Хууль зүйн үйлчилгээний зохицуулалт ямар байх хэрэгтэй вэ? Энэ талаарх олон улсын чиг хандлага ямар байна вэ?
• Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хамтран явуулах хэлбэр юу байх хэрэгтэй вэ? Одоогийнх шиг нөхөрлөл үү, эсхүл компани уу?
• Гадаадын хуульч Монгол Улсад үйл ажиллагаа явуулахад ямар шаардлага хангасан байх ёстой вэ? Монголын болон гадаад улсын туршлага юу вэ?
• Шүүгчийн сонгон шалгаруулалтад Хуульчдын холбоо яаж оролцох нь дээр вэ?
• Мэргэжлийн хариуцлагын хороог өөрчлөн байгуулах шаардлагатай юу? Энэ хорооны чиг үүрэг, бүрэн эрх, бүрэлдэхүүн, маргаан шийдвэрлэх журам өмнөх Өмгөөлөгчийн сахилгын хороо, Прокурорын сахилгын хороо, Шүүгчийн сахилгын хорооноос юугаараа ялгаатай вэ?


Энэхүү хэлэлцүүлэгт оролцох чиглүүлэгчид:
• Б.Баяр, ELC ХХН-ийн гишүүн, гүйцэтгэх захирал, хууль зүйн магистр
• О.Мөнхсайхан, МУИС, ХЗС-ийн дэд профессор, хууль зүйн доктор
• Н.Энхцэцэг, Anand Advocates ХХН-ийн гишүүн, гүйцэтгэх захирал, хууль зүйн магистр
• Н.Баасанжав, өмгөөлөгч, хууль зүйн магистр
• Х.Номингэрэл, судлаач, хууль зүйн магистр