“Khaan quest” Олон улсын сургууль удахгүй эхэлнэ
Монгол улсын Зэвсэгт хүчнээс АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран зохион байгуулдаг “Khaan quest” сургууль энэ сарын 20-ноос үйл ажиллагаа эхлүүлэхээр бэлтгэлээ хангаж байгаа юм байна.
Хоёр орны хамтарсан сургуулилт 2003 оноос эхэлсэн бөгөөд 2006 оноос өргөжин ОУ-ын сургууль болсон байна. Энэ сургууль нь Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын энхийг дэмжих чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгждэг 5 гол арга хэмжээний нэг болж чаджээ.
Уг сургуулийн гол зорилго нь Монгол улсын Зэвсэгт хүчний болон оролцогч улсуудын бие бүрэлдэхүүний энхийг дэмжих ажиллагааны арга техникүүдэд сурган дадлагажуулах, Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаанд оролцох чадавхийг нэмэгдүүлж, сургуульд оролцогч орнуудын цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оршдог ажээ.
“Khaan quest” энхийг дэмжих ажиллагааны ОУ-ын сургуулийн хүрээнд батальоны түвшний команд штабын сургууль,салааны түвшний тактикийн хээрийн сургууль, барилга инжерийн ба эмнэлгийн хүмүүнлэгийн хамтарсан ажиллагааг зохион байгуулан явуулж Зэвсэгт хүчний энхийг сахиулагчдыг сургаж бэлтгэхийн зэрэгцээ, ОУ-ын цэргийн эмч, барилгын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, туршлага солилцон, орон нутгийн ард иргэдэд хүмүүнлэгийн тусламжийн үйлчилгээ үзүүлдэг юм байна.
“Khaan quest” сургуульд Монгол, АНУ-аас гадна ОХУ, БНХАУ, БНСУ, ХБНГУ, Франц, Канад, Бүгд Найрамдах Энэтхэг улс, Индонези, Япон, Пакистан, Польш, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс зэрэг 23 орны Зэвсэгт хүчний алба хаагчид оролцох ажээ.