Дэлхийд

Хүнс үйлдвэрлэгчдийг ханаагүй өөх тос хэрэглэхийг хориглолоо

О.Намуун
2015-06-17 12:02

АНУ-ын хүнс ба эмийн хяналтын албанаас хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдийг ханаагүй өөх тос (транс өөх тос) хэрэглэхгүй байхыг анхаарууллаа.

Транс өөх тос гэдэг нь хүний гараар бүтсэн, цусан дахь муу холестролыг ихэсгэж, сайн холестролыг бууруулдаг сөрөг нөлөөтэй. Мөн хүний биеийн жинг хурдацтай нэмж, зүрхний өвчтэй болгох, ой санамж муутгах аюултай юм. АНУ-ын хүн амын нас баралтын голлох шалтгаан болсон зүрх судасны өвчин үүнээс үүсдэг байна. Энэ нь шарсан, хуурсан бүтээгдэхүүнүүдэд их хэмжээгээр агуулагддаг ажээ.

Өнгөрсөн хоёр дахь өдөр тус албанаас АНУ-ын хүнс үйлдвэрлэгчдийг гурван жилийн дотор ханаагүй өөх тосыг хэрэглээнээс гаргаж,  хүнсэнд хэрэглэхийг нь хориглох шийдвэр гаргалаа.

2013 онд хүнс ба эмийн хяналтын албанаас ийм төрлийн өөх тос хүний биед аюултайг нотолсон. Ингээд тэд удаан хугацаанд шинжлэх ухааны туршилт хийж, олон нийтийн саналыг авснаар ийм шийдвэрт хүрсэн байна.

Мөн тэд 2006 оноос хойш үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн дээр өөх тосны хэмжээг заасан шошго наах болсноор хүнсэнд агуулагдах транс өөх тосны хэмжээ 78%-иар буурч байжээ.