Н.Алтанхуяг гишүүн: Монголын төр гэм буруугүй хүмүүсийг зохиомол гэмт хэрэгт гүтгэгдэхээс нь хамгаалах ёстой
Өчигдөр Хууль зүйн байнгын хороогоор Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Прокурорын байгууллагын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцсэн. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг хуулийн төслийн талаар танилцуулж өөрийн байр суурийг илэрхийлсэн юм.
Тэрээр сүүлийн 3 жилийн турш Монгол төрийн нэр хүндийг тэнд байгаа хүмүүс нь авлигач, хулгайч, гэмтэн гэж харуулан газарт унагаах ажил өрнөснийг яс махандаа шингэтэл мэдэрснийхээ хувьд энэ хуулийн төслийг өргөн барьсан гэжээ.
Н.Алтанхуяг гишүүн, Монголд мөнгө гарч ирсэн бүх хүнийг харддаг, мөрддөг, шоронд хорьж байгаад хэргийг нь хүлээлгэдэг тогтолцоо бий болж сүүлдээ УИХ-ын гишүүдэд кноп дарах эрхийг нь барьцаанд авах байдлаар халддаг үзэгдэл хүртэл гарч эхэлсэн
. Тиймээс үүнийг өөрчлөх шаардлагатай гэж үзсэн байна.
Мөн Монголын төр гэм буруугүй иргэд , бизнесс эрхлэгч, баялаг бүтээгч, төрийн албан хаагчдаа гэмтэн болж, зохиомол гэмт хэрэгт гүтгэгдэхээс нь хамгаалах ёстой гэж үзжээ.
Н.Алтанхуяг гишүүн :
“ Хуультай холбоотой түүхэн баримтуудыг судалж үзэхэд 1933 онд байсан Дотоодыг хамгаалах газарт ‘Дээд эрх баригчид болон цэргийхнийг дайчлан баривчлахдаа удирдлагатай нь зөвшилцөнө’ гэсэн дүрэм байжээ.
1936 онд уг дүрмийг хүчингүй болгосноор маш их хэмжээний эрх мэдэл дотоодыг хамгаалах газарт очиж
Дотоодыг хамгаалах газар гэж хэнд ч дийлддэггүй том газар гарч ирсэн.
Ингээд 1936 онд лам нарыг баривчлах ажиллагааг эхлүүлэн Монголын хамгийн том гэх 21 ламыг баривчилж, бүтэн жил тамлан зовоож байцаагаад 1937 онд 19-ийг нь буудаж алсан байна.
Тэр үед ажиллаж байсан Чойдогсүрэн прокурор “Энэ лам нарын хэрэг хэрэг биш учраас мөрдөн байцаалтад буцаая” гэхэд Дотоодын хамгаалах газрынхан “Прокурорынхан хувьсгалын эсэргүүтэй тэмцэхэд саад хийж, эсэргүү нарыг өмгөөлөн хамгаалж байна” гээд буудаж хөнөөсөн байдаг.
Өнөөдөр яг энэ байдал давтагдаж байна. Энэ байдал удаан үргэлжилбэл Монгол төрийн тогтолцоонд хор хохирол учруулж, нийгмийг айдасд автуулсан хэнийг ч гэсэн хэзээ ч хамаагүй баривчлаад шорон гяндангаар айлгадаг тогтолцоо бий болно.
Тиймээс энэ бүхнийг бага дээр нь засч залруулах хэрэгтэй.” гэжээ.
Тэрээр УИХ-ын гишүүдээс Монгол улсын эрх ашиг, тусгаар байдал,1937 оны хэлмэгдүүлэлтийг дахин давтагдуулахгүйн төлөө алдаа завхарлыг засахад хувь нэмрээ оруулахыг хүссэн
юм.