Улсын их хурал

Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилуулах санал ирүүлжээ

М.Энхмаа
2015-06-17 07:23

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилуулах асуудлаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн саналыг хэлэлцжээ.

Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Зэвсэгт хүчний Жанжин штабын Цэргийн хангалт, үйлчилгээний газрын дарга, бригадын генерал Д.Давааг уг албан тушаалд томилуулах асуудлыг зөвшилцөх санал ирүүлсэн байна.

Ингэхдээ Д.Давааг батлан хамгаалах салбарт 30 гаруй жил ажилласан, хуульд заасан шалгуурыг хангаж байгаа гэж үзсэн байна.

Үүнтэй холбогдуулан Р.Амаржаргал, Н.Энхболд, М.Батчимэг, Л.Болд нарын гишүүд нэр дэвшигч нь туршлагатай, бэлтгэгдсэн боловсон хүчин тул дэмжиж буйгаа илэрхийлээд зэвсэгт хүчний нэгдмэл удирдлагыг хангаж, улс төрөөс ангид, аль болохоор халаа сэлгээ хийхгүй байхад анхаарч ажиллахыг захижээ.

Санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь нэр дэвшигчийг зөвшилцөх асуудлыг дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болжээ.