Х.Тэмүүжин : Прокурорын дэргэдэх мөрдөн АТГ руу шилжсэн түүх үнэндээ маш эмгэнэлтэй
Өчигдөр хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцсэн.
Энэ үеэр Х.Тэмүүжин гишүүн Монгол улсад нөхцөл байдал нь хүндэрчихсэн, хүний эрхийн зөрчлийг хавтгайруулж байгаа үйлдлүүдийн тухай хэлэлцүүлэг яриа өрнүүлж байгаа нь дэвшилттэй хэрэг гэжээ.
Тэрээр эрүүгийн байцаан шийтгэх хууль болон хэрэг мөрдөн шалгадаг процессын хууль үнэхээр болхи байгаагаас мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байгаа цагдаагийн болон тагнуулын байгууллага, АТГ хүний эрхийн зөрчил гаргаж байна гэсэн юм.
Х.Тэмүүжин гишүүн :
“ Бид тэмээ, ямаа хоёроо салгаж ялгах ёстой. Хүний эрхийн томоохон зөрчилтэй холбоотой дүгнэлтүүдийг ганц байгууллага руу нялзаасан өнгө аястайгаар хэлэлцүүлгийг хөтөлж болохгүй. Ингээд чиглүүлээд, яриад эхлэх юм бол Монгол улсад авлигатай тэмцэх үйл явц, хүний эрх гэсэн хоёр үнэт зүйл зөрчилдөж эхэлнэ.
Прокурорын дэргэдэх мөрдөн АТГ руу шилжсэн түүх үнэндээ маш эмгэнэлтэй. Энэ талаар хангалттай баримт, эзэнтэй үйл явдлуудыг хэлэлцүүлгийн явцад дэлгэж болно.
Маш олон хэргийг нэр устай нь прокурор дээр хэрэгсэхгүй болгоод, авлига аваад, тэр нь баримтаар батлагдаад АТГ шалгах гэтэл, прокурор АТГ-ын мөрдөгчдийг өөрийн харьяалах мөрдөн байцаах газраараа эрүүгийн хэрэг үүсгээд зөрүүлж шалгаад зодоон эхэлснээс үүдсэн.
Хамгийн том зөрчил нь шүүгч, прокурор, цагдаа гэхмэтчилэн албан хаагчдын авлигын хэргийг АТГ-д шалгуулахгүй, үүнийг бид шалгана гэж прокурор татаж авснаас болоод хууль зүйн хэрүүл болж хувирсанд байгаа юм.
Үүнээс болоод хэсэг гишүүд санаачлага гаргаад Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг татан буулгаад АТГ руу явуулсан. Ингэхдээ гуя дагаж хүзүү гэгчээр цагдаа дээр байсан ТББ, ААН-ийн албан тушаалтны албан тушаалаа урвуулсан, хэтрүүлсэн хэргийг, мөнгө угаах хэрэгтэй цуг шилжүүлчихсэн. Энэмэтчилэнгээр бид алдаа гаргасан.
Одоо буцаагаад татахдаа өгсөн хэргээ шилжүүлж авахаас гадна авлигатай холбоотой хэргүүдийг нь татаж авч байна. Ингээд АТГ зөвхөн хээл хахуультай холбоотой хэргийг нь шалгачихаад төрийн албан хаагчийн албан тушаалаа урвуулсан, хэтрүүлсэн, төсөв хууль бусаар зарсаныг шалгаж чаддаггүй болчихоор яаж авлигатай тэмцэх юм бэ.“ гэжээ.
Тэрээр үнэхээр шийдье гэж байгаа бол энэ хуулиас илүүтэй гол асуудал байгаа байцаан шийтгэх хуулийг янзлах хэрэгтэйг онцлоод ингэхгүйгээр энэ асуудлыг ярьвал дахиад 2 жилийн дараа АТГ-д эргүүлж эрх мэдлийг нь өгөх тухай ярих болохыг дурьдсан байна.
Мөн Х.Тэмүүжин энэ хуулийн алдааг засаж хэлэлцэхийг дэмжиж байгаагаа дурьдаад голыг нь олж цэгцлэх ёстой гэжээ.