Засгийн газар

Ерөнхий сайдын айлчлал үргэлжилж байна

М.Энхмаа
2015-06-17 23:11

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг эдгээр өдрүүдэд ОХУ-ын Москва хотноо ажиллаж байгаа ажээ.

Тэрээр өчигдөр Евразийн эдийн засгийн комиссийн Сайд нарын зөвлөлийн дарга В.Б.Христенкотой уулзаж “Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хоорондын хамтын ажиллагааны тухай санамж бичиг”-т гарын үсэг зурсан байна.

Гарын үсэг зурах ёслолын ажиллагааны үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг:  

“Монгол улсын Засгийн газар болон Евразийн эдийн засгийн комиссийн хамтын ажиллагааны ажлын хэсгийг байгуулж, улс хоорондын харилцаанд тулгарч буй тарифын болон тарифын бус хориг саадыг арилгах, худалдаа ба гаалийн дүрэм, журмыг хялбарчлах, үр ашигтай, найдвартай, тогтвортой тээврийн чиглэл болон үйлчилгээг бий болгох, худалдааны тэнцвэртэй байдал, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өсөлтийг хангах, түүнчлэн Монгол улс болон гишүүн орнуудын аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нөхцөлийг бий болгох чиглэлээр арга хэмжээ авч ажиллана”  гэжээ.

Ерөнхий сайд өнөөдөр Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох юм байна.