Бусад

Дэлхийн харьцангуй тайван орны тоонд Монгол улс багтжээ

О.Намуун
2015-06-18 06:50

Дэлхийн энх тайвны индексийн тайланг тухайн бүс нутаг, улс орны тайван байдлыг хэмжих зорилгоор 2007 оноос эхлэн Эдийн засаг, энх тайвны институт жил бүр эрхлэн гаргах болсон.

"Дэлхийн энх тайвны индекс 2015" тайланг харахад дэлхийн тайван байдалд олон өөрчлөлтүүд гарчээ. Зарим улсууд түүхэнд байгаагүй хэмжээнд тайван улс болж, эсэргээрээ энэ онд болсон онцлох үйл явдлуудаас шалтгаалж зарим улсын нөхцөл байдал дордсон байна. Энэ жилийн тайланд 23 үзүүлэлтээр 162 улсын байдлыг нэгтгэн гаргажээ.

Гол өөрчлөлтүүд:

- Өнгөрсөн жилтэй харьцуулахад 81 орны байдал дээрдэж, 78 орных дордов.

- Европын 20 улсын 15 нь маш тайван үзүүлэлттэй гарснаар Европ дэлхийн хамгийн тайван бүс болж байна.

- Ойрх Дорнод, Хойд Африкт иргэний дайн, террорист халдлагууд ихэссэнээр бүс газрын тайван байдал урд хожид байгаагүй хэмжээгээр буурсан.

- Дотоодод зэвсэгт мөргөлдөөн болох нь дэлхий даяар ихэссэн. Үүнээс үүдэж амиа алдсан хүний тоо энэ онд 2010 оноос 3,5 дахин ихэсжээ.

- Хүчирхийллийн эдийн засагт нөлөөлөх нөлөө нь 14,3 их наяд ам.долларт хүрч, дэлхийн нийт ДНБ-ний 13.4%-тай тэнцэж байна.

Хамгийн тайван улс: Исланд, Дани, Австри

Дээрх улс орнууд хөрш орнуудтайгаа хийсэн дайнаа эцэслэж, гадны зөрчил мөргөлдөөнд оролцох нь багассанаар ийм үр дүнд хүрэв.

Хамгийн тайван бус улс: Сири, Ирак, Афганистан

Дээрх улсууд дэлхийн хамгийн аюултай бүс нутаг гэсэн статусаа хадгалж үлджээ. Харин өмнөх жилээс хурдацтай доройтсон улс Лив, Украин болж байна.

 

Монгол улс энх тайвны индексээр дэлхийд 43-т буюу харьцангуй тайван орны тоонд багтжээ. Шалгуур үзүүлэлтүүдээс харвал “зэвсэгт хүчин”, “зэвсгийн экспорт”, “нүүлгэн шилжүүлсэн иргэд”, “гадаад зөрчил мөргөлдөөнөөс болж амиа алдсан иргэдийн тоо ”, “дотоод зөрчил”, “терроризмын нөлөө”, “зэвсгийн импорт” зэрэгт эерэг үзүүлэлттэй буюу 1 (оноо багасах тусам сайн) оноо авчээ. Харин эсрэгээрээ “алан хядлага”, “ноцтой жагсаал цуглаан”, “ноцтой гэмт хэрэг” зэрэг үзүүлэлтээр 3 оноо буюу харьцангуй тааруу үнэлгээ авсан байх юм. 

2015 онд дүрвэгчдийн тоо, нүүлгэн шилжүүлсэн хүний тоо, дотоод зөрчил мөргөлдөөнөөс болж амь үрэгдсэн хүний тоо, терроризмын нөлөө нэлээд ихэсчээ. Үүнийг 2008 оны байдалтай харьцуулбал манай дэлхий илүү аюултай болж, энх тайван байдлаа алдсаар байгааг харж болно.

Харин нааштай хоёр үзүүлэлт гарсан нь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны санхүүжилт ихэссэн, гадаад зөрчил мөргөлдөөн багассан явдал байв. Үүний нэг тод жишээ бол гадаад мөргөлдөөнөөс болж амь үрэгдсэн хүний тоо 1982-оос 410 хүртэл буурсан байгаа юм.

Газрын зургийг бүрэн эхээр нь үзэхийг хүсвэл энд дарна уу!