Улсын их хурал

Ноён уулыг ухахгүй гэсэн шийдвэр гаргажээ

М.Энхмаа
2015-06-18 07:27

Өнөөдрийн чуулганаар Гацууртын ордын  хувь хэмжээг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцжээ. Засгийн газраас яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийг гишүүдийн 68.1 хувь нь хэлэлцэх шаардлагагүй гэж үзжээ

Иймээс Гацууртын ордын  хувь хэмжээг тогтоох тухай тогтоолын төсөл хэлэлцүүлгийн шатандаа унаж төсөл санаачлагчдаа буцаагдсан байна.

Хуулийн төслийн талаар Уул уурхайн сайд Р.Жигжид танилцуулж, гишүүд өөрсдийн байр суурийг илэрхийлсэн юм.

Д.Лүндээжанцан гишүүн : Ноён уулын булш түүх соёлын давтагдашгүй зүйл. Хүннүгийн үеийн булш, бунханыг хөндөхгүй гэх баталгаа байхгүй.

О.Баасанхүү гишүүн : Тони Блейр Монголд ирээд байгаа нь Ноён уулыг ухах гэсэн санаа гэж гадны хэвлэлүүд бичиж байгаа.

Н.Алтанхуяг гишүүн : Гацууртын ордыг ашиглах гэж яарах хэрэггүй. Энэ ордыг ашиглахгүй л бол Монгол Улс сүйрчихгүй.

Б.Бат-Эрдэнэ гишүүн : Цагаан суварга шиг нөөц ашигласаны тусгай зөвшөөрөл гээд бага хэмжээний татвар аваад баялгаа өгөөд явуулах юм уу?

Д.Дэмбэрэл гишүүн : Эдийн засгийн үр нөлөө тодорхой харагдахгүй байна. Ёс зүйгүй загнадаг Сентерра Гоулд парламентыг том дансны цаана хуурч байна

Ц.Даваасүрэн гишүүн - Р.Жигжид сайд Төрийн эзэмшлийн 34 хувийг ашиггүй. Роялтыг судалж байна гэлээ. Яах гэж сайд хийж байгаа юм бэ. Дэд сайд Г.Тэмүүлэн ОТ-г цааш нь харуулахад гол үүрэг гүйцэтгэсэн. Одоо Гацууртыг алга болгох гэнэ.

О.Болорчулуун гишүүн - Газрын гүнд 300 орчим ноёдын булш бунхантай тэр чигээрээ археологийн дурсгал болсон энэ газрыг хөндөх шаардлага байна уу. Бидэнд үнэт зүйл, хөндөж болохгүй газар бидэнд байх учиртай. Сентерра Гоулд бол хөгжиж буй орнуудыг цөлмөдөг компани. Монголын улс төрчдийг лоббидаж ашиглана гэдгээ ил тод зарласан.

Д.Тэрбишдагва гишүүн - ОТ, Бороо Гоулдын хэлбэрээр л явж байна. Газар түүний хэвлий дэх баялаг ард түмний мэдэлд төрийн өмч мөн гэж Үндсэн хуулинд заасан. Газрын доорх баялгаа үнэлсэн юм уу. Баялгаа үнэлээд хөрөнгийн зах зээлд мөнгө босгох нь дэлхийн жишиг. Ингэж чадахгүй байна. Гачууртын ордыг стратегийн ач холбогдолтой болгосон нь Сентерра Гоулдад зориулсан шүү дээ.

З.Баянсэлэнгэ гишүүн : Би Гачууртын ордыг очиж үзсэн, урт нэртэй хуулиар үйл ажиллагаа нь зогссон. Нэг талаас явуулья гэх ч нөгөө талаас ард иргэдийн зүгээс тавьж буй асуудлыг тооцох хэрэгтэй. Мөнх цэвдэгийн асуудлыг судлах хэрэгтэй. Хэдэн хүмүүсийг ажилтай болгох гээд нийт ард түмний эрх ашгийг зөрчиж болохгүй. Эдийн засгийн хямралаас гаргах арга хэлбэр гэж харагдахгүй байна. Бүх стратегийн ордуудыг нэг мөр шийдвэл яасан юм бэ?