Агентлаг

Монгол улсын Сангийн сайд Дэлхий Банкнаас олгох зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа

О.Намуун
2015-06-19 03:52

Монгол улсын Сангийн сайд Ж. Эрдэнэбат болон Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч ноён Жеймс Андерсон нар нийт 63 сая ам доллар бүхий гурван шинэ төслийн хөнгөлөлттэй зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа. Үүнд Боловсролын Чанарын Шинэчлэлийн Төсөл, Цахим Эрүүл Мэндийн Төсөл ба Ухаалаг Засаг Төслүүд багтаж байна.

Боловсролын Чанарын Шинэчлэл төслийн зорилго (27.4 сая ам. доллар) Монгол улсын бага ангийн боловсролын чанарыг сайжруулахад оршино. Төслийн хүрээнд өндөр чанар бүхий сургалтын материалын хүртээмжийг өргөжүүлж, үндэсний үнэлгээний тогтолцоог байгуулж, багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, сурагчдын сургалтыг сайжруулахад тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Цахим Эрүүл Мэнд төсөл нь (17.9 сая ам. доллар) эрүүл мэндийн нэгдсэн мэдээллийн системд шуурхай нэвтрэх, мэдээлэл авахад  чиглэсэн цахим эрүүл мэндийн систем боловсруулж нэвтрүүлэх зорилготой. Энэхүү төслийг хэрэгжүүлж цахим эрүүл мэндийн системийг нэвтрүүлсэнээр эрүүл мэндийн байгууллагууд дахь өвчтний эмчилгээ, оношилгоотой холбоотой мэдээллийг түргэн шуурхай авах, шаардлагагүй шинжилгээ давхардуулан хийлгэхээс зайлсхийх, иргэд дараагийн шатны тусламж үйлчилгээг цаг алдалгүй авах боломж олгох юм. 

Ухаалаг Засаг төслийн зорилго (17.8 сая ам. доллар) мэдээлэл, харилцаа холбооны техник технологи ашиглан Монгол улсын төрийн үйлчилгээг үр ашигтай, ил тод, хүртээмжтэй болгон сайжруулахад оршино. Энэхүү төсөл нь Монгол улсын Засгийн газрын мэдээлэл, харилцаа холбооны салбарын өсөлт, өрсөлдөх чадвар, сайн засаглалд хүрэх гол хөдөлгүүр нь болгох хэтийн зорилгод хүрэхэд нь дэмжлэг үзүүлнэ.