Хууль

“Дэмжих тариф” батлагдлаа

М.Энхмаа
2015-06-19 06:45

Монгол улс сэргээгдэх эрчим хүчний үнийн зөрүүг бүрэн шийдвэрлэж чадахгүй байгаагаас тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд үл ойлголцол бий болж сэргээгдэх эрчим хүч хөгжихөд сөргөөр нөлөөлөх болсон.

Мөн  эрчим хүчний нэгдсэн системийн нэг худалдан авагчийн дансанд тодорхой санхүүгийн алдагдал бий болсноор бусад тусгай зөвшөөрөл эзэмшигч компани алдагдалтай ажиллах болжээ.

Тэгвэл өнөөдрийн нэгдсэн чуулганаар энэ асуудлыг шийдэх Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг баталсан байна.

Уг хуулийн төсөлд дараах нэмэлт, өөрчлөлтүүдийг тусгажээ.

- Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих зорилгоор эрчим хүчний үнэд шингээсэн “Дэмжих тариф”-ыг бий болгоно.

- Хэрэглэгчийн худалдан авах дэмжих тарифын хэмжээг тогтооно.

- Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний үйлчлэх хугацаа дууссаны дараа үнэ тарифыг тухай бүр тогтооно.

- Гэрээний хугацааг хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаатай уялдуулан тогтооно.

- Эрчим хүчний системд холбогдох болон горим тохируулагч усан цахилгаан станцын үнэ, тарифыг бодит өртөг, техник, эдийн засгийн үндэслэлд тулгуурлан Эрчим хүчний зохицуулах хороо тогтооно.

Сэргээгдэх эрчим хүчний үнэ, тарифыг өнөөдрөөс эхлэн дагаж мөрдөх юм байна.