Ерөнхий сайдын ОХУ-д хийсэн айлчлал үр дүнтэй болжээ
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ОХУ-д хийсэн айлчлалаа амжилттай дуусгаад хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгчээ. Тэрээр ярилцлагынхаа эхэнд ойрын хугацаанд хийх гурван айлчлалынхаа нэгийг амжилттай дуусгаж байгаагаа дурьдсан байна.
Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй 30 минут уулзахаар товлосон ч уулзалт 50 гаруй минут үргэлжилэн үр дүнтэй уулзалт болсон гэжээ.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлэхдээ, Сүүлийн жилүүдэд манай хоёр орны харилцаа нэг байрандаа эргэлдээд, хамтарсан үйлдвэрүүдийн аж ахуйн сэдвийн маргаанд оролцоод байх болсон. Тиймээс гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд энэ асуудлууддаа эрч хүч өгөх, гацсан байгаа зарим асуудлаа хөдөлгөж, шийдэх асуудалдаа оръё гэсэн байна.
Бизнес, төлөөлөн удирдах зөвлөлийн хүрээнд асуудлуудаа шийдвэрлэдэг болъё
Уулзалтаар Эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын талаар ярьсан. Эхний ээлжинд, хамтарсан үйлдвэрүүдийн аж ахуйн асуудлуудыг Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн түвшинд хүргэдгээ зогсоогоод бизнес, төлөөлөн удирдах зөвлөлийн хүрээнд асуудлуудаа шийдвэрлэдэг болъё.
Төмөр замын хувьд тээвэрлэлт, түлшний асуудлыг ярьдаг. Энэ асуудалд тодорхой шийдлүүдийг гаргаж, шийдвэрлэнэ гэдгээ Засгийн газрын тэргүүний хувьд илэрхийллээ. Таван төгрөг, тавантэрбумаас болж цаана нь орж ирэх илүү том хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлаа гацааж таарахгүй. Хамтарсан үйлдвэрүүдийн асуудлуудад тал талаасаа анхаарч ажиллая гэж ярилцсан.
Монголоос мах экспортлох, малыг халдваргүйжүүлэх вакцины эхний шатны хөтөлбөрийг хэрэгжүүлж, цаашид үргэлжлүүлнэ
Монгол улсын малын тоо толгой 60 саяд хүрлээ. Манай улс бололцооныхоо хэрээр мах экспортлох ёстой. Монголоос мах экспортлох, малыг халдваргүйжүүлэх вакцины эхний шатны хөтөлбөрийг хэрэгжүүлж, цаашид үргэлжлүүлэхээ Ерөнхийлөгч В.В.Путин илэрхийлсэн. Өнөөдрийн байдлаар Монголоос ОХУ-руу мах экспортлох болзлыг 7 үйлдвэр хангаад, тус улсад мах экспортлоход бэлэн болсон байгаа.
Оросын хил дээр дараалал, асуудал үүсч байгааг зохицуулна
Манай хоёр улсын хооронд иргэд визгүй зорчдог болсонтой холбогдуулаад хил, гааль дээр зорчигчдын хөдөлгөөн эрс нэмэгдсэн. Ялангуяа, Оросын хил дээр дараалал, асуудал үүсч байгааг хэлсэн. Үүнд Ерөнхийлөгч биечлэн оролцож зохицуулалт хийнэ гэсэн. Оросын хил дээрх нөхцөл байдал сайжирч, визгүй зорчдог болсон энэ шийдвэрийн үр дүн бүрэн утгаараа гарна гэдэгт итгэлтэй байна.
Монгол улсад хөрөнгө оруулах хувийн хэвшлийг дэмжиж ажиллана
Хос төмөр замтай болох, төмөр замаа цахилгаанжуулах ажлуудаа бид авч явах ёстой. Үүний зэрэгцээ Оросын хувийн хэвшлийнхэн том төслүүд, зам барилгын ажилд хөрөнгө оруулах сонирхолтойгоо хэлсэн. Тэдний энэ саналыг Ерөнхийлөгчид уламжлахад Монгол улсад хөрөнгө оруулах хувийн хэвшлийг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн.
Орос сургалтын хөтөлбөрөөр хичээллэдэг цэцэрлэг, сургууль, их дээд сургуулийн үйл ажиллагаанд анхаарна
Орос хэлээр ярьдаг монголчуудын тоо 1990 оноос хойш 30 хувиар буурлаа гэсэн албан бус судалгаа байдаг. Орос сургалтын хөтөлбөрөөр хичээллэдэг цэцэрлэг, сургууль, их дээд сургуулийн үйл ажиллагааг дэмжих, сургалтыг чанаржуулах, багшлах боловсон хүчнийг бэлтгэхэд Оросын тал анхаарч ажиллахаа илэрхийлсэн.
Тэрээр ярилцлагынхаа төгсгөлд ирэх7-р сард гурван орны төрийн тэргүүн ОХУ-ын Уфа хотод уулзах болсныг дурьдаад үүнээс өмнө тодорхой асуудлуудаа шийдэх бололцоо гарч, жаахан холдоод байсан хойд хөрш маань ойртох болсон айлчлал боллоо гэж дүгнэж байгаагаа мэдэгджээ.