Засгийн газар

Б.Гарамгайбаатар : МАН-ын бүлгийг ЗГ-аас гаргах асуудал яриагүй, гэрээний биелэлтийг л дүгнэнэ

М.Энхмаа
2015-06-22 05:58

АН-ын бүлэг өнөөдрийн хурлаараа гурван асуудал хэлэлцжээ.

Хурлын эхэнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн өнгөрсөн долоо хоногт ОХУ-д ажилласан талаарх мэдээллийг сонссон байна.

Мөн төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж ЗГ-аас сургууль, эмнэлэг зэрэг нийгмийн чанартай салбарт менежмэнтийн хувьчлал хийх заалтыг хасах санал гаргасныг бүлгийн гишүүд дэмжжээ.

Хуралдааны төгсгөлд ЗГ-т хамтарсан МАН-ын гэрээний биелэлтийг хэлэлцэх байсан ч УИХ-ын дарга З.Энхболд орон нутагт ажиллаж байгаа болон  гишүүдийн ирц бүрэн биш байсан учраас хойшлуулсан байна.

АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар : МАН зөвшилцлийн гэрээнд туссан асуудлаас зөвхөн албан тушаалын хуваарилалтыг бүрэн биелүүлсэн

Энэ асуудлыг зайлшгүй ярих цаг болжээ гэж бүлгийн гишүүдийн дийлэнх нь үзэж байна. МАН Засгийн газарт хамтарч орсноосоо хойш өнөөдрийг хүртэл үйл ажиллагааг нь харахад зөвшилцлийн гэрээнд туссан асуудлаас зөвхөн албан тушаалын хуваарилалт дээр бүрэн биелүүлсэн. Бусад асуудал дээр зөвшилцлийн шатанд, зарим нь зөвшилцөлд туссан асуудлаас эсрэг явж байгаа учраас нухацтай хэлэлцэж эцсийн шийдэл гаргах ёстой гэж үзсэн.

Бид Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэрэгжиж байгаа гэж боддог. Гэтэл өнгөрсөн долоо хоногт МАН-ын бүлгийн гишүүд ЗГ-ын мөрийн хөтөлбөрийн нэг ч заалт биелэхгүй байна гэх мэдээлэл хийсэн. МАН-ын гишүүдийн илэрхийлж байгаа байр суурийг харахад Засгийн газрын үйл ажиллагаанд саад болох асуудал ярьж байна. Бид бол МАН-ын бүлгийг Засгийн газраас гаргах асуудал яриагүй. Гэрээний биелэлтийг л дүгнэх юм. Одоогоор бол гэрээний хэрэгжилт 50 хувьтай байна. Үүний дийлэнхийг албан тушаалын хуваарилалт эзэлж байна.

АН-ын бүлгийн дэд дарга Ш.Түвдэндорж : УИХ-д суудалтай бүх нам, эвсэл хамтран том бүлэг байгууласн хэрнээ ЗГ-аас оруулж ирсэн хууль, тогтоолын төслүүдийг унагаж байна

Ард иргэдээс АН, МАН хамтарсан нь хэр байгаа талаар судалгаа явуулахад 1000 оролцогчын 63 хувь нь хамтрах шаардлагагүй гэж үзсэн байна лээ. Одоогоор эцсийн шийдвэр гараагүй байна. Ер нь судалгаан дээр үндэслэж ажиллах ёстой. Түүнчлэн манай намын орон нутгийн байгууллагууд хамтран Засгийн газар байгуулсанд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаа. Хамгийн гол нь УИХ-д суудалтай бүх нам, эвсэл хамтран 73 гишүүний бүрэлдэхүүнтэй том бүлэг байгуулсан. Тэгсэн хэрнээ Засгийн газраас оруулж ирсэн хууль, тогтоолын төслүүдийг унагаж байгаа.


  1. 103.9.90.* Зочин 2015-06-22 16:56
    hurdan zailaasai