Улсын их хурал

Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

М.Энхмаа
2015-06-22 23:57

Өнөөдөр 11:30 цагаас НББСШУ-ы байнгын хорооны хуралдаанаар Хүүхэл харах үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

Өчигдөр намууд бүлгийн хурлаараа Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн талаар байр сууриа илэрхийлсэн байна. 

МАН бүлэг : Хүүхэд харах үйлчилгээг батлахын тулд хүүхэд харах үйлчилгээний орчны стандартыг гаргаж мөрдүүлсэн байх ёстой

Энэ хууль дахин тодруулах, засч залруулах зүйл байсан учраас манай намын бүлэг завсарлага авсан. Хүүхэд харах үйлчилгээг батлахын тулд хүүхэд харах үйлчилгээний орчны стандартыг гаргаж мөрдүүлсэн байх ёстой гэсэн байр суурьтай байна. Тиймээс МХЕГ, Стандартал хэмжил зүйн газарт хүүхэд харах үйлчилгээний орчны стандартыг батлах хоёр албан тоот явуулсан гэв.

Хууль  санаачлагч эмэгтэй гишүүд хүүхэд цэцэрлэгт хамрагдах хүртээмжийн тухай яриад байх юм. 260 гаруй мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдахгүй үлдээд байгаа учраас бид түр зуурын арга хэмжээ авах ёстой гэсэн өнгө аястай зүйл яриад байна. Энэ чинь түр зуурын үйл ажиллагаа байж болохгүй. Хэрвээ үйл ажиллагааг нь явуулах юм бол нэлээн чанга стандарт хангасан зүйл байх ёстой гэлээ.

Засгийн газар 2016 онд энэ хуулинд шаардлагатай 60.4 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг гаргах боломж байхгүй гэдэг бичгээ өгсөн. 

Энэ бүхнийг судалж үзээд, гарсан саналуудыг дэмжээд явна гэсэн байр суурьтай байгаа. Бид ойрын үед барууны орнуудад хүүхэд харах үйлчилгээний шугамаар яаж хууль дүрэм гажууддаг тухай мэдээллийг  нийтэд мэдээлнэ. Хүүхэд харах үйлчилгээ бол дэндүү хариуцлагатай ажил. Хэн нэг хүний мэдэл өгөөд найдаад явдаг зүйл

Бие даагчид : Нийгэмд хэрэгтэй чухал хуулиудын нэг нь Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль

Нийгэмд хэрэгтэй чухал хуулиудын нэг нь Бие даагч гишүүдийн анх санаачилж, өргөн барьсан Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль юм.

Монгол улсад сургуулийн өмнөх насны цэцэрлэгийн хүүхдийг цэцэрлэгээр хангах асуудал тулгамдаж байна. 2015 онд нэг ч аймаг, суманд шинэ цэцэрлэг барих төсөв батлаагүй. 250 мянган цэцэрлэгийн насны хүүхэд байгаагийн 3-ны нэг нь цэцэрлэгт явж чадахгүй байна. Цэцэрлэгт 25 хүүхэд авах ёстой байлаа гэхэд ачаалал нь хэд дахин давчихсан. Ер нь нэг ангид ийм олон хүүхдийг бөөгнүүлж асарч хүмүүжүүлэхдээ биш, нэг хүнд цөөн тооны хүүхэд харуулах байдлаар Хүүхэд харах үйлчилгээний хууль дуншиж байна.

Хүүхэд ирээдүйд хэн болох нь 8 нас хүртлээ хэрхэн өсч хүмүүжихээс хамаардаг гэж олон улсад үздэг. Бид социализмын үе шигээ хүүхдүүдийг бөөнөөр нь нэг дор байлгаж, хүмүүжүүлэхээс илүү, орчин нөхцлийг нь сайтар бүрдүүлээд цөөн хүүхдийг чанартай харж, хандаж хүмүүжүүлэх нь зөв. Энэ хууль батлагдсанаар хүүхэд эрүүл, аюулгүйн шаардлага хангасан орчинд өсч хүмүүжих боломж бүрдэнэ.