Гүүр нурж хот хоорондын автобус саатжээ
Говь-Алтай аймагт энэ сарын 18-ны өдрөөс эхлэн тасралтгүй орсон борооны улмаас тус аймгийн зарим сумдад үер бууж мал амьтан үерт урсаж, үерийн усанд иргэд олноороо боогдсон тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал, Тус аймгийг Бугат сумын нутагт уулын үер буусны улмаас онцгой байдлын аврагчид арав гаруй айлыг нүүлгэн шилжүүлжээ. Мөн хоёр мотоциклтой зургаан хүн үерт боогдсон байсныг аварчээ. Мал амьтан ихээр үерт урсаж үхэж үрэгдсэн аж. Одоогоор хүний амь нас эрсдээгүй байгаа юм байна. Мөн уг өдөр хүчтэй хур тунадас орж, үер бууж 17.00 цагийн орчимд Ховд аймгийн Дарви сумын ойролцоо Евийн гүүр нуржээ. Гүүр нурсны улмаас Ховд, Баян-Өлгий чиглэлээс Улаанбаатарыг зорьж явсан зорчигч тээврийн таван автобусыг тэнд нь саатуулж хоноглуулах арга хэмжээг авчээ.