Хүүхэд харах үйлчилгээний талаар ингэж ярьжээ
Өнөөдөр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийжээ. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд энэ хуулийн талаар өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм.
Л.Гантөмөр гишүүн : Гэртээ үлдэж байгаа хүүхдүүдэд ямар нэгэн хэлбэрээр сургалт, үйлчилгээг зохион байгуулах шаардлага байгаа. Цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдүүдэд улсаас зардал гаргаж байгаа бол цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийг эцэг эх нь хардаг учраас ажил хийх боломжгүй болдог. Олон хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна. Мөн улсаас очдог зардал чочихгүй. Эдээр нь тэгш бус байдлыг бий болгож байгаа. Тиймээс сургалтад ойртсон, аюулгүй орчныг бүрдүүлэх стандартыг тавихаар төсөлд тусгасан. Цэцэрлэг барих мөнгө хөрөнгө нь байвал ийм хуулийн төсөл боловсруулах ямар ч шаардлага байхгүй.
С.Дэмбэрэл гишүүн : Энэ хууль анх орж ирэхдээ улсын төсвөөс 60 гаруй тэрбум төгрөг төсөвлөсөн эдийн засгийн утгаар орж ирсэн. Айлын хүүхэд харна гэдэг хурга, ишиг цуглуулаад хашаа хороонд хийх ажил биш
. Хүнийг хүн болох процесст нь оролцож, харж хандаж, зааж, хүмүүжүүлдэг ажил. Тиймээс энд нэг байшин гэр, ажилгүй нэг хүн, нэг камерын тухай ярих ёсгүй. Энэ хуулийг дэмжихгүй байна гээд эрэгтэй гишүүд хүүхдэд хайргүй, эмэгтэй гишүүд хүүхдэд хайртай гэсэн асуудал огт биш. Хүнд хандаж байгаа гэдэг талаасаа маш зөв байж, бодолтой, бодлоготой хийх ёстой.
Ц.Оюунгэрэл гишүүн : Улсын ЭЗ нэмэгдээд, баян болсноор цэцэрлэг барих боломжтой болно гэсэн үг биш гэдгийг олон орны туршлагаас харж болно.
Явуулын үйлчилгээг малчдын хүүхдүүдэд зориулан энэ хуулинд оруулсан. Малчид мал төллөх үеэр хамгийн их ачаалалтай байдаг. Цэцэрлэг нь одоо байгаа стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулна. Харин хүүхэд харах үйлчилгээ нь өөр зохицуулалттай байна. Хүүхдийн амьдрал өдөр хоногоор хэмжигдэж байгаа
. Тиймээс хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн хэрэгжих хугацааг 2017 он болтол хойшлуулж болохгүй. Энэ хуулийг хүлээсэн олон хүн байгаа.
С.Одонтуяа гишүүн : Эхний ээлжинд ЭЗ-таа тааруулаад 5 тэрбумаар ч эхлүүлж болно
. 60 тэрбум бол Монгол улсын бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах тооцоо. Гэхдээ үүнийг хавтгайруулахгүй. Хүүхэд харах үйлчилгээг энгийн иргэн явуулж болох бөгөөд 3-5 хүүхэдтэй байхаар хуулийн төсөлд тусгасан. Хувийн болон улсын цэцэрлэгүүд стандартынхаа дагуу үйл ажиллагаагаа явуулна.
Д.Хаянхярваа гишүүн : Хүүхэд харах үйлчилгээ тодорхой стандарттай байх ёстой
. Тийм стандартгүйгээр зүгээр нэг гэр хорооллын энд, тэнд хүүхэд харах үйлчилгээ гэдэг зүйл байгуулж болохгүй. Тэнд хүүхдийн аюулгүй байдал хэрхэн, яаж хангагдах нь тодорхойгүй байна. Тийм ч учраас манай намын бүлэг завсарлага авсан. Үүнийг ямар нэгэн улс төр гэж ойлгох хэрэггүй. Би хувьдаа энэ хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй гэдгээ мэдэгдэж байна.
Я.Содбаатар гишүүн : Энд хүүхдэд хайртай хайргүй асуудал ерөөсөө байхгүй. Хүүхдийн эрхийг зөрчсөн эрсдэлтэй алхам руу орж ерөөсөө болохгүй
. Хамгийн ихээр санаа зовоож байгаа асуудал бол стандарт. Наад зах нь хүүхэд хоолны хордлого авах эрсдэлтэй байна. Хүүхэд харах үйлчилгээ сургуулийн өмнөх боловсрол биш. Хүүхэд харах үйлчилгээг явуулын үйлчилгээ болгож бүүрч болохгүй.
А.Бакей гишүүн : Эцэг,эхийн үүргийг төр үүрэх хэрэггүй
. Үүнийг хуульдаа тодорхой тусгах хэрэгтэй. Өнөөдөр маш олон хүүхэд харах хүнгүй, цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа. Хуулийг 2016.01.01-нээс хэрэгжүүлэх боломжтой.
Г.Баярсайхан гишүүн : Монголын төр хүүхдэд хөрөнгө оруулалт хийхээс цаараглаж болохгүй
. Хүүхдийн асуудлыг сонгуультай холбон ярьж байгаа нь буруу.
Я.Санжмятав гишүүн : Хүүхэд харах үйлчилгээний төв байгуулахад зарцуулагдах 66 тэрбум төгрөгийн ихэнх хэсэг нь хувийн хэвшлээс гарна гэдэг асуудлыг анхнаас нь тооцож байсан. Эдийн засаг хүнд байна гэж сууж байснаас хуулиа гаргаж, хэрэгжилтийн явцад ЭЗ-ийн гаргалгаа хий
гээд явах нь зүйтэй.