Засгийн газар

Засгийн газартай хамтран ажиллах гэрээний биелэлтийг яаралтай дүгнэнэ

М.Энхмаа
2015-06-23 08:03

АН-ын Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр хуралдсан юм. Хуралдаанаар “Засгийн газарт хамтран ажиллахаар Улс төрийн намуудтай байгуулсан гэрээний биелэлтийг яаралтай дүгнэж Гүйцэтгэх зөвлөлд танилцуулахыг УИХ дахь Ардчилсан намын бүлэгт даалгасугай” гэсэн тогтоол гаргажээ.

Өчигдөр энэ асуудлын талаар АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар:

"Бид Хамтарсан ЗГ-ын мөрийн хөтөлбөр хэрэгжиж байгаа гэж боддог. Гэтэл өнгөрсөн долоо хоногт МАН-ын бүлгийн гишүүд ЗГ-ын мөрийн хөтөлбөрийн нэг ч заалт биелэхгүй байна гэх мэдээлэл хийсэн. МАН-ын гишүүдийн илэрхийлж байгаа байр суурийг харахад Засгийн газрын үйл ажиллагаанд саад болох асуудал ярьж байна. 

МАН Засгийн газарт хамтарч орсноосоо хойш өнөөдрийг хүртэл үйл ажиллагааг нь харахад зөвшилцлийн гэрээнд туссан асуудлаас зөвхөн албан тушаалын хуваарилалт дээр бүрэн биелүүлсэн. Бусад асуудал дээр зөвшилцлийн шатанд, зарим нь зөвшилцөлд туссан асуудлаас эсрэг явж байгаа. Одоогоор гэрээний хэрэгжилт 50 хувьтай байгаа бөгөөд дийлэнхийг албан тушаалын хуваарилалт эзэлж байна. 

Тиймээс энэ асуудлыг зайлшгүй ярих цаг болжээ гэж бүлгийн гишүүдийн дийлэнх үзэж байгаа. Бид "МАН-ын бүлгийг Засгийн газраас гаргах асуудал яриагүй. Гэрээний биелэлтийг л дүгнэх юм" гэсэн байна.