Бусад

Монгол цэргүүд ОУ-ын марш тактикийн тэмцээнээс цом хүртжээ

М.Энхмаа
2015-06-23 23:59

ХБНГУ-ын Норд Райн Вестфален мужид  энэ сарын 20-нд  олон улсын цэргийн марш тактикийн аварга шалгаруулах 32 дугаар тэмцээн болжээ. Тэмцээнд Герман улсад суралцаж буй манай Зэвсэгт хүчний алба хаагчид оролцож, амжилт үзүүлсэн байна.

Тэмцээнд АНУ, БНФУ, ИБУИНВУ зэрэг 9  орны Зэвсэгт хүчин, хүчний бусад байгууллагын тус бүр дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй 29 баг оролцжээ. Үүнээс ХБНГУ-ын Офицерын сургуулийн Монгол Улсын Зэвсэгт хүчний баг байнгын бие бүрэлдэхүүний ангилалд гуравдугаар байр эзэлж, цомоор шагнуулсан байна. 

Тодруулбал, манай алба хаагчид 17 км газарт усан саад, шалган нэвтрүүлэх цэгийн хамгаалалт, халдлагад өртсөн хүмүүсийг аврах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, гадаад орны цэргийн зэвсэг техник, дүрэмт хувцасыг таних, гал унтраах багаж хэрэгслийг ашиглах зэрэг нийт 17 сорилыг амжилттай  гүйцэтгэжээ.

Өнгөрсөн жил манай Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид олон улсын цэргийн марш-тактикийн 28 дахь удаагийн тэмцээнд оролцож “Шилдэг баг”-ийн цомоор шагнуулж байсан юм байна.