Харвардын шилдэг төгсөгчид хичээл заана
Харвардын Их Сургуулийн Азийн манлайллын төвөөс санаачлагатай Харвард Монголд Азийн Манлайллын Анхдугаар чуулганыг Улаанбаатар хотод ирэх бямба гаригт Чингис хаан зочид буудалд зохион байгуулахаар болжээ. Чуулга уулзалтын үеэр Харвардын Их Сургуулийн дэргэдэх Харвард Бизнесийн сургууль, Жон Кеннедийн нэрэмжит Харвардын төрийн удирдлагын сургууль, Харвардын боловсролын сургууль зэрэг салбар сургуулиудыг 2015 онд төгсөж буй 16 орны улс төр, батлан хамгаалах, засгийн газар, эрүүл мэнд, боловсрол, хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгө, урлагийн салбарт ажиллаж байсан туршлагатай 33 манлайлагч залуус хүрэлцэн ирж, өөрсдийн мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвараа 21-р зууны Монголын хөгжлийн суурийг тавих Монголын залуу төрийн түшээд, бизнесменүүд, оюутан залуучууд, шилдэг сурагчидтай хуваалцах ажээ. Энэхүү чуулга уулзалт Харвардын Их Сургуульд заагддаг тэргүүлэх хичээлүүдийг тус сургуулийн шилдэг багш, оюутнуудаар заалгахын зэрэгцээ тэдэнтэй танилцаж өөрсдийн хүсэл зорилгоо хуваалцаж, түншлэлийн харилцаа бий болгож, бүс нутаг дамнасан оюуны болон эдийн засгийн хамтын ажиллагааны үндэс суурийн эхлэлийг тавих боломжтой юм байна.