Ерөнхийлөгч

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж : Санаачлах дургүй хуулиудыг санаачилж байна

М.Энхмаа
2015-06-24 03:07

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн албаны болон Улс төрийн намын тухай хуулийн төслүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.

Тэрээр “ Эдгээр хууль нь манай орны улстөрийн амьдралд чухал үүрэгтэй 2 хууль юм. Төрийн албаны хууль сүүлийн 5 жил яригдаж төсөл хийгдэж байна. Өнөөдөр би бусад газруудын эдгээр асуудлаар яригдаж байгаа хуулийн төслүүдийг нэгтгэж  нэгдсэн үзэл баримтлалаар ярьж байна.” гэлээ. Мөн санаачлах дургүй хуулиудыг санаачилж байгаагаа дурьдаад олон жил хүлээгдээд байгаа асуудлуудыг бүгдийг шийдэх хэрэгтэй байгааг онцолсон юм.

Эдгээр хуулиудын гол агуулгыг хүргэж байна.

 Төрийн албаны хууль

1. Төрийн алба чадахуйн зарчим буюу мерит зарчимд шилжинэ. Төрийн албаны томилгоог өрсөлдөөнд суурилж явуулдаг болно.

2. Төрийн албан тушаалтныг шат дараатайгаар ажлиллуулна. Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд очихын тулд ойролцоогоор 18-20 жил ажиллах бөгөөд нэг албан тушаалд 5-аас доошгүй жил ажиллана. Албан тушаалын томилгоог нам, танил талаар хийдгийг болиулна.

3. Төрийн албан хаагчдад хариуцлага хүлээлгэдэг тогтолцоог бий болгоно. Тангаргын хариуцлагыг бий болгоно. Төрд учирсан хохирлыг өөрөөр нь төлүүлдэг болно. Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлэхгүй бол албадан биелүүлдэг болгоно

5. Төрийн албан хаагчдын хуулиар хориглосон зүйлийг тодорхой болгоно. Хийж болохгүй 19 зүйл байна.

Төрийн албан хаагч улстөрөөс ангид байна. 

6. Төрийн албан хаагчдыг хомроголон албан тушаалаас нь халах асуудлыг зогсооно. Шинэ сайд томилогдон очихдоо 3+2 гэсэн албан тушаалд өөрчлөлт хийхийг зааж өгнө. Зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгоно.

7. Төрийн албаны сэлгээг хийхэд албан хаагчдын 10 хүртэл хувь л хөдөлдөг байна. 

8. Төрийн албаны талаарх бүх мэдээллийг нэгдсэн мэдээллийн санд бүртгэж ил байлгана. Бүх шийдвэр ил тод, шилэн байна.

9. Төрийн албаны сонгон шалгаруулалт, хуулийн хэрэгжилтийг олон нийтэд ил байлгаж хяналт тавьдаг байна. Төрийн албаны зөвлөл өөрөө хариуцлагатай байна.

10. УИХ-ын ээлжит сонгууль болоод ерөнхий сайд томилогдсоноос хойш 1 жилийн дотор, ээлжит сонгууль болохоос өмнө 1 жилийн дотор төрийн албаны хуулинд өөрчлөлт оруулахыг хориглоно.

Улстөрийн намын хууль

1. Намууд бодлогын нам болгоно.  Намын байгууллага :

Судалгааны байгууллага

Манлайлагч хүний нөөцийг бий болгоно

Төрөөр дамжуулан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлдэг байна.

2. Намыг хянах хариуцлагын тогтолцоог бий болгоно. Нам сонгуулийн төв байгууллага намыг бүртгэж, хянана. Жилд 2 удаа мөрийн хөтөлбөрийн тайланг , сонгуулийн тайлан, санхүүгийн тайланг Сонгуулийн төв хороонд ирүүлнэ. 6 жил дараалан сонгуульд оролцоогүй болон санхүүгийн тайлангаа худал мэдүүлсэн намыг татан буулгана.

3. Намын зүгээс төрийн байгууллагын үйл ажиллагаанд оролцохыг хориглоно.

4. Намын хатуу гишүүнчлэлээс татгалзана. Дэмжигч гишүүн, гишүүн, сонгуульт гишүүн байхад хүлээх хариуцлагыг тодорхой болгоно. Намын гишүүний бүртгэл шилэн байж нэг хүн нэг л намд гишүүн байна.

5. Нам шилэн данстай байх бөгөөд шилэн дансны хуулиар зохицуулагдана. Нам нэг л данстай байна. 

6. Намын үйл ажиллагааг явуулах доод хязгаарыг тогтоож өгнө. 3000-аас доош хүн амтай ЗЗ-ы нэгжид намын салбарыг байгуулахыг хориглож, сум дундын намын байгууллагыг бий болно.

7. Нам дотооддоо улс төрийн маргаанаа шийддэг байна. Намын маргааныг шүүх хараат бусаар, бие даасан байдлаар авч хэлэлцэх бололцоог бүрдүүлнэ.

8.Намын бүтэц зохион байгуулалтын уян хатан тогтолцоог бий болгоно.

9. Намууд хажуудаа ТББ, фракц, олон медаль, бүлэгтэй байхыг хориглоно. Гэхдээ сайн дурын байгууллага байж болох ч намын хуулинд захирагдаж нэг данстай байна.

10. Намын өмч хөрөнгийн асуудлыг шийднэ.