Улсын их хурал

Эрүүгийн хуульд нухацтай хандах ёстойг сануулжээ

М.Энхмаа
2015-06-24 06:02

Өнөөдөр УИХ-ын тусгай чуулганаар Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцжээ. Хуралдаанаар  хуулийн төсөлд зарчмын зөрүүтэй санал хураалт явуулан гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлсэн байна. Энэ үеэр олон гишүүн Эрүүгийн хууль хэт чанга болж байгааг ажлын хэсэгт сануулжээ.

МАН-ын бүлэг уг асуудлаар тав хоногийн завсарлага авснаар чуулганы хуралдаан өндөрлөсөн байна.

Д.Лүндээжанцан :  Эрүүгийн хуулийг сайн ярихгүй бол нэг гараас гарчихвал хэнд ч дийлэхгүй аюул дагуулж болзошгүй

Эрүүгийн хуулиас давсан журам гаргаж байгаад хүн хэлмэгдүүлж байсан үе би шүү дээ. Шинэ, шинэ төрлийн гэмт хэрэг гарна. Үүнийг Эрүүгийн хуулиар зохицуулаад явдаг байсан. Эрүүгийн хуулийг сайн ярихгүй бол нэг гараас гарчихвал хэнд ч дийлэхгүй аюул дагуулж болзошгүй. Цаазын тавцан дээр толгойгоо тавьсан Эрүүгийн хууль дээр маш сайн нухацтай ярих ёстой. Нийгмийн эрх ашиг, хүний эрх ашиг цаана нь яригдаж байна.

Эрүүгийн хууль мөнгөөр хэмжигдэх аргагүй. Тиймээс энэ хуулийг маш сайн хэлэлцэх ёстой.

О.Баасанхүү: Эрүүгийн хуулийг Үндсэн хуульд нийцүүлнэ үү гэхээс салбарын нэг хуульд нийцүүлнэ гэж байхгүй

Эрүүгийн хуулийг Үндсэн хуульд нийцүүлнэ үү гэхээс салбарын нэг хуульд нийцүүлнэ гэж байхгүй. Эрүүгийн хууль хүний бүх эрхэнд халддаг. Энэ хуулиар хүн алж болдог. Тиймээс үүнийг маш сайн хэлэлцэх ёстой. Төсөлд заасан шударга зарчим гэж юуг хэлээд байгаа юм бэ. Тэгш эрхийн зарчимыг хэлээд байгаа юм уу, хүйсийн чиг баримжааг хэлээд байгаа юм уу? Нэг юм хаягдчихвий, нэг юм нь буруудчихвий гэж санаа зовоод байгаа болоод хэлж байна. Өнөөдөр бүх хууль салхи шиг орж ирээд байна.

Д.Бат-Эрдэнэ: Эрүүгийн ялыг чангатгахаасаа илүү гэр бүлийн хүрээнд соён гэгээрүүлэх ажлыг хийх хэрэгтэй

Эрүүгийн хуульд гэмт хэргийн чанартай тодорхойлолтыг маш нарийн гаргах ёстой. Эрүүгийн хуулиар ял эдэлж байгаа хүмүүсийг харахад ялихгүй асуудлаас болоод эрх чөлөөгөө хасуулсан хүмүүс олон байна. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад зааснаар хуулиа хэт чангаруулаад явчихвал сөрөг үр дүн ихтэй байж магадгүй. Эрүүгийн ялыг чангатгахаасаа илүү гэр бүлийн хүрээнд соён гэгээрүүлэх ажлыг хийх хэрэгтэй. Нийгмийн ёс суртахуун, хүмүүжлийг ярихгүй байж алдаж эндэхээр нь бүгдийг нь яллаад байж болохгүй.

Л.Цог гишүүн : Мэргэжлийн нарийн хуульд маш болгоомжтой хандах ёстой

Мэргэжлийн нарийн хуульд маш болгоомжтой хандах ёстой. Гэмт хэрэг мөн биш үү гэдэг асуудлыг сайн бодох хэрэгтэй. Х.Тэмүүжин сайд байхдаа нэг зүйл ярьдаг байсан гэмт хэргийн обьект, субьект, обьектив, субьектив асуудлыг тусгах хэрэгтэй. Одоогийн хуульд мөрдөгдөж байгаа заалтыг дэмжиж байна.

Б.Гарамгайбаатар гишүүн : Эрүүгийн хуультай холбоотой төрийн бус байгууллагаас олон асуудал тавьж байна. Ялангуяа бизнес эрхлэлтэй холбоотой асуудалтай зүйл заалт байгааг хүмүүс хэлж байна. Энэ асуудлыг хэлэлцэхгүй бол дараа нь нийгэм, эдийн засагт хүнд байдал үүсгэж магадгүй юм.

Д.Тэрбишдавга: Ял, албадлагын арга хэмжээг бусад хүнд нялзааж болохгүй

Компанийн захиралд ял оногдуулдаг. Мөн компанид ял оногдуулж, компанийг нь татан буулгана гэсэн байна. Татварын хэргээр захирлыг нь шоронд суулгаад компанийг нь татан буулгана гэхээр энэ заалт зөвхөн монголчуудад үйлчилж магадгүй гэж болгоомжилж байна. Тухайлбал, Оюутолгой компанитай татварын маргаан үүсгэсэн. Оюутолгой татвараа төлөөгүй гээд компанийг нь татан буулгах уу? Цаашлаад гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь ял оноож, албадлагын арга хэмжээг хэрэглэнэ. Ял, албадлагын арга хэмжээг бусад хүнд нялзааж болохгүй.

Л.Энх-Амгалан : Цагдаа, шүүх болон хуулийн ажилтнуудаас болж хохирсон хүмүүс яах вэ. Гэм буруугүй хүмүүст албадан арга хэмжээ авахгүй гэсэн байна. Хууль сахиулагч хэн нэгнийг гэм бурууг нь тогтоогдоогүй албадан арга хэмжээ авлаа гэхэд нэр төрийг нь сэргээхгүй байж болохгүй.

Я.Содбаатар : Эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр илүү хатуу хууль гарч байна

Гэм бурууг нь тогтоогдоогүй байхад албадлагын арга хэмжээ аваад хил гаалиар гарахыг хорьчихдог. Гэтэл дараа нь гэм буруугүй юм байна гэдэг. Ингэсэн тохиолдолд төр ямар арга хэмжээ авдаг юм бэ.

Эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр илүү хатуу хууль гарч байна. Бизнес эрхлэлтийг боосон хяхсан, бизнес эрхлэгчдэд илүү хүндрэлтэй хууль болох нь гэж яриад байна. Өнөөдрийн яриад байгаа юмны цаана хүний амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгөтэй холбоотой олон асуудал байна. Дэг, дэг гэх юм. УИХ-ын дэгээс илүү хүний өмч хөрөнгө, амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудал чухал байна шүү дээ. Сүүлийн жилүүдэд бизнес эрхлэгчдийн эрхэнд хэтэрхий хатуу хандаж байна шүү дээ.