Ерөнхий сайд Майкрософт Корпорацийн Инноваци, бодлогын төвтэй танилцжээ
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үндэстэн дамжсан компьютерийн технологийн корпораци Майкрософтын Инноваци, бодлогын төвтэй танилцжээ.
Түүнийг тус корпорацийн Худалдааны бодлого, стратеги хариуцсан захирал Дороти Двоскин, Төв болон Зүүн Европ дахь Төвийн Лицензийн асуудал хариуцсан захирал Евгений А.Данилов нар угтан авч үйл ажиллагааныхаа талаар танилцуулсан байна. Энэ үеэр Майкрософтын бүтээгдэхүүнийг Монголд өргөн хэрэглэдэг бөгөөд зарим талаар зохиогчийн эрхийг зөрчдөг талаар дурьдсан ажээ.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг зохиогчийн эрхийг хүндэтгэх талаар Монгол улсын Засгийн газар тууштай ажиллана гэдгээ мэдэгдсэн байна.
Мөн төр засгийн 180-аад үйл ажиллагааг цахим хэлбэрээр иргэдэд үзүүлэх төсөл хэрэгжүүлэхэд бэлэн болсон талаар дурьдаад энэ чиглэлээр тус корпорацийн мэдээллийн технологийн шинэ ололтуудыг Монголд хэрэгжүүлэх тал дээр хамтран ажиллахад бэлэн байна гэдгээ онцолжээ.