Станфордын Их сургуулийн докторууд био технологийн салбарт хамтарч ажиллах боломжтой гэжээ
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНУ-д хийж байгаа айлчлалын эхний өдрөө Станфордын Их сургуулийн Анагаах ухааны сургуулийн профессор Жефри Глен тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан байна.
Уулзалтаар Монгол Улсад био технологи, био эмийн үйлдвэрлэл бий болгох, энэ чиглэлийн судалгааны ажлуудыг манай улстай хамтарч хийх асуудлыг хөндөж талууд харилцан санал солилцсон юм.
Монгол Улсын хувьд элэгний вирусын өвчлөл өндөртэй оронд тооцогддог. Одоогоор элэгний вирусыг устгах эм бэлдмэлийг өндөр хөгжилтэй улс оронд үйлдвэрлээд хөгжиж байгаа болон буурай хөгжилтэй оронд нийлүүлдэг жишгийг өөрчилж хөгжиж буй оронд үйлдвэрлээд өндөр хөгжилтэй орнуудад нийлүүлэх боломжтой гэсэн саналыг Станфордын Их сургуулийн докторууд тавьсан байна. Иймд хамтарсан үйлдвэр байгуулахад эхний ээлжинд 20-40 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хоёр тал гарган цаашид өргөжүүлэх боломжтой талаар санал солилцжээ.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол Улс зөвхөн уул уурхайд түшиглэсэн эдийн засагтай байх биш бусад салбаруудад хүч сорих боломжтой. Тэр дундаа био технологийн салбарт та бүхний тавьсан саналыг судлан үзэж шийдвэр гаргахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.