Засгийн газар

Д.Зоригт : БНХАУ-д  2023-2030 онд багтан эрчим хүч экспортлох зорилт тавин ажиллаж байна

М.Энхмаа
2015-06-24 23:59

Эрчим хүчний сайд Д.Зоригт Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Арнолд Кэтриныг тус яамны хүндэтгэлийн өрөөнд хүлээн авч уулзжээ.

Уулзалтын эхэнд хатагтай Арнолд Кэтрин Эрчим хүчний яам ямар асуудалд онцгой анхаарч байна вэ? Барьж буй стратегиийн бодлого юу вэ? Бид хойшид хэрхэн хамтран ажиллах вэ? Энэ талаар санал бодлоо солилцохыг хүсч байна гэв.

Эрчим хүчний сайд Д.Зоригт:

Манай улс хүн ам цөөхөн, газар нутгийн хувьд өргөн уудам. Иймд эрчим хүч, дэд бүтцэд хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа. Манай улс  эрчим хүчнийхээ 20 гаруй хувийг хоёр хөршөөсөө авч, 80 орчим хувийг өөрсдөө үйлдвэрлэж байна. Ойрын зорилго гэвэл эрчим хүчний хэрэглээгээ өөрсдөө хангадаг болох. Сэргээгдэх эрчим хүчний үндэс суурийг тавьж 2020 он гэхэд ус, нар, салхины эрчим хүчээр нийт хэрэглээнийхээ 20 хувийг хангах зорилт тавин ажиллаж байна. Одоогоор 6-7 хувь байна. 2030 он гэхэд 30 хувь хүргэхээр ажиллаж байна.

Мөн дотоодын үйлдвэрлэл, дамжуулах, түгээх шугамын алдагдал гадны улс оронтой харьцуулахад харьцангуй өндөр байна. Эрчим хүчний хэрэглээ жилд 6-8 хувиар өсч байгаа. Энэ өсч байгаа хэрэглээгээ хангах, импортолж буй эрчим хүчийг багасгахаар хэд хэд эрчим хүчний төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.” гэжээ.

Тэрээр Монголд нэг сонирхолтой сэдэв байгаа нь манай хөрш орон болох БНХАУ-д  2023-2030 онд багтаан эрчим хүч экспортлох зорилтыг тавин ажиллаж байгаа бөгөөд яриа хэлэлцээнд орж хамтран ажиллаж эхэлсэн талаар онцолжээ.

Эдгээрийг хэрэгжүүлэхэд багагүй цаг хугацаа шаардагдана. Английн Компаниуд томоохон хүчин чадалтай станцууд оруулж ирвэл энэхүү экспортлох тал дээр томоохон нэмэр болох байх хэмээн бодож байна. Энд бас  өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам хэрэг болно гэж Эрчим хүчний сайд хэлсэн байна.  

Элчин сайд Арнолд Кэтрин хэлэхдээ, эрчим хүчний салбарыг хөгжүүлэх талаар шат дараалсан арга хэмжээг авахаар бэлтгэж байгааг сонсоход таатай байна. Их Британи нь эрчим хүчний салбарын олон жилийн түүхтэй, бид эрчим хүчийг үйлдвэрлээд зогсохгүй шугам, сүлжээг үйлдвэрлэн Европын холбоонд нийлүүлж байгаа. Иймд бид хамтран Их Британийн компаниудыг оруулж ирэх тал дээр анхааран ажиллах болно гэжээ.

Мөн мэдээлэл өгч, дэмжлэг үзүүлсэнд талархаж байгаагаа илэрхийлээд хойшид хамтран ажиллахдаа таатай байх болно гэсэн байна.