Бусад

Төв цэнгэлдэхийн тохижилтын ажил 80 хувьтай байна

М.Энхмаа
2015-06-25 00:27

Өчигдөр Шадар сайд У.Хүрэлсүх, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон холбогдох албаныхан Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худгийн наадмын бэлтгэл ажилтай танилцжээ.

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын тохижилтын ажилд 73,4 сая төгрөг зарцуулж байгаа аж. Одоогийн байдлаар төв цэнгэлдэхийн засвар, шинэчлэлт, тохижилтын ажил 80 орчим хувьтай явагдаж байгаа юм байна.

 Шагайн асрын дээвэр, Сурын талбайн хашаа, явган хүний замыг засварлах зэрэг ажлууд хийгдэж байгаа бөгөөд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 8,000 метр квадрат талбайд хиймэл зүлэг бүрэн суулгаж дууссан ажээ.

Энэ үеэр Шадар сайд У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмаар гадаадын хамтлаг, дуучдыг өндөр өртөгтэйгээр урьж тоглуулах асуудал огтхон ч байхгүйг онцлоод монголынхоо шилдэг уран бүтээлдчийн тоглолтыг толилуулахаар бэлтгэж байгаа гэсэн байна.

Үүний дараа албаны хүмүүс Дундголын өртөөнөөс RAILBUS-аар  зорчиж Хүй долоон худагт очсон юм. Өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмаар RAILBUS-ийг Амгалангаас Хүй долоон худаг чиглэлээр иргэдэд үйлчилсэн бол энэ жил дээрх зохицуулалтыг дахин  хийхээр төлөвлөж байгаа аж.

Ингэхдээ Амгалангаас найман өртөө явж Давааны өртөөд очих бөгөөд тус өртөөнөөс Хүй долоон худаг хүртэл 1,5 км замд нийтийн тээврийн том автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэхээс гадна цахилгаан хөдөлгүүртэй Экобус Хүй долоон худаг доторх үйлчилгээний талбайд үйлчлэх юм байна.

 Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга Э. Бат-Үүл :

Монгол улс байсан цагт бид наадамласаар л байх болно. Тиймээс цаашдаа хэдхэн хүнийг хязгаарлаж Төв цэнгэлдэх хүрээлэнд наадамлах бус Хүй долоон худгийнхаа дэнж доор хотол түмнээрээ наадах боломжтой болгохоор  Монгол наадам цогцолборт бүтээн байгуулалтын ажлыг тасралтгүй хийж байна. Энд жилийн дөрвөн улиралд иргэдэд үйлчлэх томоохон цогцолбор болгохоор ажиллаж байгаа” гэдгийг онцлон хэлжээ.