Барьцаалсан газар худалдаалахыг үл маргах журмаар шийдэхгүй
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон холбогдох бусад хуулийн төслүүдийг үргэлжлүүлэн хэлэлцжээ. Энэ хуулийн төсөлд МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага аваад байсан юм.
Уг хуулийн гишүүдийн олонх дэмжсэнээр эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.
Уг хуулийн төсөлд үл маргах журмаар газрыг худалдаалах зохицуулалтыг оруулсан бөгөөд ингэж шүүхээр шийдвэрлэхгүй худалдаалах нь Үндсэн хуулийг зөрчинө гэж гишүүд үзсэн байна. Тиймээс Үл маргах журмаар бус Иргэний хуулиар маргааныг таслах үүднээс шүүхээр шийдвэрлэх саналыг гишүүд дэмжжээ.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Газрын маргааныг шүүхээр шийдвэрлэгддэг учир банкууд барьцаалах дургүй байдаг. Тиймээс Иргэний хуулиар зохицуулахаар зааж өгсөн. Газраа барьцаалаад зээл авдаг эрхийг нээхийг дэмжиж байгаа. Харин банкны эзэн газрыг нь хурааж аваад дуусах вий гэсэн болгоомжлол байна. Мөн хашааны газрыг барьцаагаар өгөхөд ойлгуулах сурталчилгааг нь зөв хийх хэрэгтэй шүү гэлээ.
УИХ-ын дарга З.Энхболд :
XXI зууны хашааны газраа барьцаалах гэж байгаа иргэн 200 жилийн өмнөх Марксын зарчмаар явахгүй. Иргэд ойлгож байгаа. Шүүхээр шийдвэрлэхийг дэмжих хэрэгтэй. МАН-д цэцээс гарах шийдвэрийг урьдчилж мэддэг 2 гишүүн байдгийн нэг нь Ц.Нямдорж, нөгөөх нь Д.Лүндээжанцан гэжээ.