Нийгэм

"Оранж өдөр": Сар бүрийн 25-нд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцье!

О.Намуун
2015-06-25 01:33

Дэлхийн өнцөг булан бүрд буй охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсоох, урьдчилан сэргийлэх, олон нийтийн дунд энэ талаарх мэдлэг ойлголтыг түгээх зорилготойгоор 2008 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки Мун UNiTE компанит ажлыг санаачилж байжээ. Уг ажлын хүрээнд сар бүрийн 25-ны өдрийг “Оранж өдөр” болгохыг зарласан. Улбар шар өнгө нь охид, эмэгтэйчүүдийн гэгээлэг, хүчирхийллээс ангид ирээдүйг билэгддэг байна.

Бидний хувьд эмэгтэйчүүд, гэр бүлийн хүчирхийлэл нь тулгамдсан асуудлуудын нэг байдаг. Тиймээс 2014 оны 2 дугаар сараас эхлэн Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангаас “Оранж өдрийг” дэмжин зохион байгуулах болжээ. Ингэснээр  тэд бүс нутаг, үндэсний хэмжээнд уг санаачлагыг дэлгэрүүлэхээр засгийн газар, иргэний хөдөлгөөн, эмэгтэйчүүдийн төлөөх байгууллагууд, эрэгтэйчүүд, залуус болон хэвлэл мэдээллийн байгууллага зэрэг бүх шатны хувь хүн, байгууллагуудыг энэхүү аянд нэгдэхийг уриалан ажилладаг.

Манайд зохион байгуулагддаг ажлаас дурдвал:

  • Сар бүрийн энэ адар Улсын Их Хурлын гишүүд улбар шар ороолт, зангиаг Улсын Их Хурлын хуралдааны үеэр зүүж, гэр бүл, ахуйн хүрээний хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэдэг.

  • Мөн “Orange session”-ээр урлаг соёлын алдартнууд болон залуу уран бүтээлчид нэгдэн, хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо өргөдөг байна. Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсоох хүсэлтэй хүн бур уг арга хэмжээнд оролцох боломжтой юм.