Улсын их хурал

Албан тушаалын томилгоог нийтийн сонсголоор оруулах санал дэмжигдлээ

М.Энхмаа
2015-06-25 02:49

УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийтийн сонсголын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийжээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооноос албан тушаалын томилгоог нийтийн сонсголоор оруулах саналыг дэмжсэн байлаа. Байнгын хорооны саналаар санал хураалт явуулж уг саналыг гишүүдийн олонх нь дэмжсэн юм.

Уг хуулийн төслийн талаар гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлсэн байна.

 Ц.Нямдорж гишүүн : Нийтийн сонсголоо больчих хэрэгтэй

Аргагүйдээ л ийм юм хийж байгаа юм байна. Төр үймүүлдгээ больчихмоор юм.  Нийтийн сонсголоо больчих хэрэгтэй. Нэг л их хий худлаа ардчилал, ил тод байдал ярьж төр, үймүүлсэн улс байх юм. Одоо жаахан гар аа тат. Тэмүүжин энэ үйл ажиллагаанд цаашдаа битгий оролц. Чамд би мэргэжлийн хувь зөвлөе. Шүүгч нар л гэх юм. Шүүгч нарын хийсэн хэргийн 50 хувь нь үнэн, 50 хувь нь худлаа гардаг юм. Ерөнхий прокурорт шалгуур байхгүй. Би жоохон байхдаа хонь хариулж яваад, уйдахаараа чулуугаар  тоглодог байсан гэдэгтэй адил юм болж байна.

 Х.Тэмүүжин гишүүн : Томилгооны үеэр чимээгүй сууж, дэмжиж явуулчихаад ар хударгаар нь муулдгийг болиулах гэж энэ хуулийг оруулж ирсэн

Монголын төрд хариуцлагатай, ёс зүйтэй,  сэтгэлтэй боловсролтой хүн томилогдох ёстой. Энэ шаардлагаа УИХ байнга мөрдөөд хүн томилоод байдаг байсан бол ийм санаачилга гарахгүй байсан байх. Хуулийн байгууллагын томилгооны үеэр төмсөгдүүлчихсэн юм шиг чимээгүй сууж, дэмжиж явуулчихаад ар хударгаар нь муулаад байдаг. Тиймээс үүнийг өөрсдөө хэлж чадахгүй бол иргэдээрээ хэлүүл гээд энэ санаачилгыг гаргасан юм байна лээ. Би энэ хуулийг санаачилаагүй, ажлын хэсгийг нь л ахалж байна. Огт хууль мэдэхгүй хүн Ерөнхий прокуророор томилогдоод явчихсан тохиолдол хүртэл байдаг. Ийм үгнүүдээ хэлж чадахгүй мөртлөө энд том дуугараад яахав. Энэ хуулийг яаж хэлэлцэх нь бид бүгдийн эрхийн асуудал.

 Г.Уянга гишүүн : Хүнд таалагдах гэсэн зүйлийг хэлэлцэхийн оронд Үндсэн хуулиа хэлэлцэх хэрэгтэй

 Буруу хүмүүс төрд томилогдох байдал энэ хуулиар засагдахгүй. Косметик засвар нүүрэндээ хийж яах юм. Нийтийн сонсголыг төр сонсдог болсноор булхай арилахгүй харин ч илүү ихээр хайцаалагддаг болно. Төрийг үзэн яддаг сэтгэлгээ нийгэм  даяар бий болсон. Ард иргэд юу ч хийсэн олон түмнээс асууна гэх юм, төр гэж юм байх хэрэг байна уу гэж байна.  Ерөнхийлөгч ийм хуулийг яах гэж оруулж ирсэн юм. Төр улс төрийн намыг цэгцэлдэг системийг өөртөө авах хэрэгтэй. Ийм зүйлээр цаг үрэлгүйгээр улстөрийн намыг бодлогын институци болгох зүйлийг ярих хэрэгтэй. Асуудлыг сууриар нь өөрлөх болсон. Энэ мэтчилэн хүнд таалагдах гэсэн зүйлийг хэлэлцэхийн оронд Үндсэн хуулиа хэлэлцэх хэрэгтэй. Энэ хуулийг бүхлээр нь унагах саналтай байна.

 А.Бакей гишүүн : Энэ хуулиар томилгоог хариуцлагатай болгох механизм сайжирна

Энэ хууль төрд нүүрлэсэн хариуцлагагүй байдлыг арилгахад хувь нэмэр болно. Төр хэзээ ч амарч болохгүй, байнгы хариуцлагатай байх ёстой. Гишүүд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Шийдвэр гаргах үйл ажиллагаа, сонсголын тухай асуудлууд хоёр өөр зүйл. Энэ хуулиар томилгоог хариуцлагатай болгох механизм сайжирна. Томилгоогоо буруу хийчихээд эмзэглээд байх юм. Энэ бол хариуцлагыг дээшлүүлэх хамгийн сайн хууль.

Л.Цог гишүүн : Өнөөдөр айсан хүмүүс энэ хуулийг дэмжихгүй байна

Өнөөдөр айсан хүмүүс энэ хуулийг дэмжихгүй байна. Эрх мэдэл нь хяналтгүй болж эхлэхээр айж эхэлж байна. Энэ хамгийн чухал хууль, үүнд  битгий эмзэглээрэй. Гэхдээ хүн хэлмэгдүүлж болохгүй, гутааж болохгүй. Тиймээс сайн боловсруулж батлах хэрэгтэй.