Улсын их хурал

Хүүхэд харах үйлчилгээний байранд хамгийн ихдээ 15 хүүхэд байна

М.Энхмаа
2015-06-25 04:42

Өнөөдрийн нэгдсэн чуулган Хүүхэд харах үйлчилгээний тухай хэлэлцүүлгээр үргэлжилсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд энэ хуультай холбогдуулан асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн байна.

Бямбацогт гишүүн : Хуулинд хүүхдийн эрүүл мэнд, амь нас , хоолт хүнстэй холбоотой зохицуулалт ерөөсөө ороогүй байсан. Бид энэ хуулийг хэрэгжүүлж болох талаар холбогдох газруудаас санал авсан. Холбогдох газруудаас төсөв мөнгө хүрэхгүй болон, хоолны болон эрүүл мэндийн стандартыг хангаагүй гэсэн санал ирсэн. Тиймээс хуулийг сайжруулж амьдралд хэрэгжүүлж болохоор болгоод баталъя.

Ц.Оюунгэрэл гишүүн: МАН энэ хуулиар завсарлага аваад орж ирэхдээ тодорхой саналуудтай орж ирсэн. Гаргасан саналуудыг нэмж оруулаад дэмжигдэхээр болсон байгаа. Өөрөөр хэлбэл Бямбацогт гишүүний ярьсан стандартын тухай заалт оруулах, хугацааны талаар анхаарах гэсэн саналуудыг зарчмын зөрүүтэй саналд оруулж өгсөн байгаа.  

Я.Содбаатар гишүүн : Хүүхдийн амь нас, эрүүл аюулгүй байдалтай холбоотой нийгэмд үүссэн нөхцөл байдлыг энэ хуулиар шийдэж чадах эсэх нь эргэлзээтэй байна. Энэ хэлбэрээр шийдэхэд олон сөрөг үр дагавар үүсэх байх. Тиймээс нухацтай хандаж шийдэх хэрэгтэй. Хүүхдээр улс төр хийхээ болих хэрэгтэй. Яаруу сандруу гарсан энэ хууль батлагдлаа гэхэд хэрэгжих эсэх нь эргэлзээтэй. Бүүр болохгүй бол тодорхой хугацаанд бэлтгэл хангаж байгаад шийдэх хэрэгтэй.

Г.Баярсайхан гишүүн : Энэ нүдээ олж байгаа ганц хууль. Нийгмийн баялагийн хамгийн шударга хуваарилалтыг энд хийж байна. Бид хуурамч гэр бүлд мөнгө өгөх асуудлыг яриагүй байна. Монголын засгийн газар хүүхдүүийнхээ төлөө 60 тэрбумыг олох ёстой. Бодитой хэрэгжээд нөхцөл нь бүрдсэн байна. Үр дүнгээ өгөх хууль дээр ингэж цаг хугацаа алдаж болохгүй. МАН дүнгээ өгө хуулиуд дээр завсарлага аваад байна. Сонгууль болдгоороо болно хүүхдийг битгий сонгуультай холиоч.

Үүний дараа байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсан бөгөөд байнгын хорооноос гаргасан дараах  саналыг гишүүд дэмжсэн байна.

Хүүхэд харагч нь бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, хүүхэд харах үйлчилгээний тусгай сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан, бага насны хүүхэдтэй харилцах арга зүй эзэмшсэн, халдварт болон сэтгэцийн өвчингүй, эрүүл, гэмт хэрэгт холбогдож байгаагүй, 18-аас 65 насны Монгол Улсын иргэн байна

Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авсан нэг хүүхэд харагчид оногдох хүүхдийн тоо 5-аас илүүгүй байх бол хүүхэд харах үйлчилгээний нэг байранд хамрагдах хүүхдийн тооны дээд хязгаар нь 15-аас илүүгүй байна

Хүүхэд харах үйлчилгээг суурин болон явуулын хэлбэрээр зохион байгуулна

Хүүхэд харагч нь хүүхдэд бие махбодийн болон сэтгэл санааны аливаа хүчирхийлэл, дарамт шахапт үзүүлэх зэрэг шийтгэлийн арга хэрэглэхийг хориглоно.

Эмчийн болон эцэг, эхийн зөвшөөрөлгүйгээр хүүхдэд эм бэлдмэл уулгах, тариа тариулахыг хориглоно

Ийнхүү хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлжээ.