Засгийн газар

Ерөнхий сайдын АНУ дахь айлчлал үргэлжилж байна

М.Энхмаа
2015-06-25 08:17

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНУ-д  энэ сарын 23-27-ны хооронд ажлын айлчлал хийr байгаа юм. Ерөнхий сайд эдгээр өрүүдэд АНУ-ын арилжааны банк болон Дэлхийн банкны захиралуудтай уулзсан байна. Мөн АНУ-ын төлөөлөгчдийн танхимын ардчиллын түншлэлийн дарга П.Роском болон конгресс дахь Монгол бүлгий дарга нартай уулзжээ.

 “Жи Пи Морган” банкны хамтын ажиллагаа хариуцсан захирал Дайнел Силикон : Монгол улсад шууд болон шууд бус, бондын хөрөнгө оруулалт хийх боломжтой

 “Жи Пи Морган” банк нь АНУ-ын анхны томоохон арилжааны  банкуудын нэг бөгөөд хөрөнгө оруулалт ялангуяа, бондын зах зээл дээр голлох үүрэгтэй ажээ.  Энэхүү банк манай улстай Чингис бондыг гаргахад хамтарч ажилласнаас гадна Хөгжлийн банкны рейтингийг тогтооход зөвлөгөө өгсөн байна. 

Ерөнхий сайд тус банктай хамтран ажилласан үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд цаашид олон тодорхой асуудлууд дээр хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа хэлжээ. Тухайлбал, хөрөнгө оруулалтын сан, ноолуурын салбарын санхүүжилтын асуудлыг АНУ-ын санхүүгийн байгууллагуудтай хамтарч шийдвэрлэх талаар санал солилцлоо.

АНУ нь дэлхийн хөрөнгө оруулалтын гол эх үүсвэр болдог. Тиймээс талууд Монгол улсад гадны тэр дундаа АНУ-аас их хэмжээний хөрөнгө оруулалтыг хэрхэн татах талаар ярилцжээ.

 “Жи Пи Морган” банк нь дэд бүтэц, уул уурхай болон ноолуур зэрэг бусад салбарт хөрөнгө оруулахыг сонирхож буй юм байна. Тус банкны захирал  Дайнел Силикон манай улсад шууд болон шууд бус, бондын хөрөнгө оруулалт хийх боломжтойгоо илэрхийлсэн байна.

Дэлхийн банкны гүйцэтгэх захирал Ш.Индравати : Төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ

Монголын эдийн засгийн өнөөгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг таны тэргүүлсэн Засгийн газар амжилттай даван туулна гэдэгт итгэж байна гээд бололцоотой бүх салбарт хамтран ажиллахад бэлэн байгаагаа Дэлхийн банкны гүйцэтгэх захирал илэрхийлжээ.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэхэд Дэлхийн банкны гүйцэтгэсэн үүргийг үнэлдгээ илэрхийлээд өнөөгийн хүндрэлээс гарахад хамтран ажиллана гэдэгт итгэж байна гэлээ.

Уулзалтын үеэр эдийн засаг, төсвийн хүндрэлтэй нөхцөлд мөнгөний бодлогын асуудлаар ажил хэргийн яриа хэлэлцээ өрнөлөө.

Дэлхийн банк 2016 оны төсөв, хөрөнгө оруулалтын бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ. Мөн Монгол улсын ЭЗ-ийн нөхцөл байдлыг сайжруулахад дэмжлэг үзүүлэхээ мэдэгдээд улсын төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэжээ.

Ерөнхий сайд АНУ-ын Конгресс дах Монгол бүлгийн дарга нартай  уулзжээ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол Улсыг ардчилал, чөлөөт зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойшхи хугацаанд байнга дэмжиж ирсэн Конгрессийн гишүүдэд гүн талархал илэрхийлээд цаашид Монгол Америкийн харилцаанд илүү шат ахина гэдэгт итгэж байгаагаа хэлсэн байна.  

АНУ-ын төлөөлөгчдийн танхимын ардчилалын түншлэлийн дарга П.Роскомтой уулзжээ

Конгрессын гишүүн П.Роскам Монгол Улсын Ерөнхий сайдыг АНУ-д ажлын айлчлал хийж буйд талархлаа илэрхийлээд ийм уулзалт ярилцлага нь хоёр орны хамтын ажиллагаа харилцан ойлголцолд чухал хувь нэмэртэй гэдгийг онцлон хэллээ.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол Улс ардчилал шинэчлэлийн замыг сонгоод 25 дахь жилтэйгээ золгож байна. Түүхэн энэ цаг үед биднийг байнга дэмжиж ирсэн та бүхэнд гүн талархлаа илэрхийлье. Бидний цаашдийн хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.