Улсын их хурал

Зөрчлийн тухай хуульд заасан торгуулийн 1 нэгж 2000 төгрөгтэй тэнцэнэ

М.Энхмаа
2015-06-25 23:49

Өчигдөр УИХ-ын нэгдсэн  чуулганаар Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийжээ.

Хуралдааны үеэр Зөрчлийн тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсан бөгөөд дараах саналууд дэмжигджээ.

- Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон бол тухайн зөвшөөрлийг хоёр жилийн хугацаанд дахин олгохгүй

- Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд нэг зөрчлийг байнга үйлдсэн бол эрх хасах шийтгэлийг нэмж хүлээлгэж болно

- Хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйлийг хохирол нөхөн төлөхөд зарцуулах, эсвэл устгах, шилжүүлэх эсэхийг холбогдох хуульд заасан журмын дагуу шийдвэрлэнэ

- Зөрчил үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналгыг хураах, эсвэл түүний үнийг гаргуулан хураах эсэхийг шүүх шийдвэрлэнэ

- Торгох шийтгэлийг биелүүлсэн тохиолдолд албадлагын арга хэмжээнээс чөлөөлөгдөнө

- Жирэмсэн эмэгтэй, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан болон 55-аас дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэй хүнд нийтэд тустай ажил хийлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхгүй

1 нэгж = 2000 төгрөг

- Цэвэр усны алдагдал, шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн гэмтлийг тогтоосон хугацаанд засварлаагүй хүнийг 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно

- Согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон газарт архидан согтуурсан, мансуурсан, бусдын амгалан тайван байдал алдагдуулсан хүнийг  25 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно

Харин ”Хүний нэр төр, алдар хүндийг гутаасан мэдээллийг нийтийн өмнө ярьсан, бүтээлээр нийтэд үзүүлсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулнагэсэн заалтын талаар гишүүд тодорхой саналуудыг хэлсэн байна.

С.Бямбацогт гишүүн  : Эрүүгийн хуулиар хорьдог, эрүү үүсгэдэг байсныг больж энэ хуульд оруулж байна

“Гүтгэх” гэдэг асуудлыг доромжлох, шүүмжлэх гэдгээс ялгаж, салгаж үзэх хэрэгтэй. Зайлшгүй хариуцлага, ёс зүйн асуудал байх ёстой. Нэг талд нь хүн гүтгэж байдаг нөгөө талд нь хүн хохирч байдаг. Нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагдана шүү гэдэг үүднээс хүнлэг чанар байх ёстой. Жишээ нь Сэлэнгэ аймагт ажиллаж байсан төрийн албан хаагч эмэгтэйг ДОХ-той гэж бичсэнээр нөхөртөө зодуулж амиа алдсан. Түүнчлэн гишүүд ч мөн янз бүрээр гүтгүүлж байгаа. Эрүүгийн хуулиар хорьдог, эрүү үүсгэдэг байсныг больж Зөрчлийн тухай хуулийн төсөлд оруулж ирж байгаа.

А.Бакей гишүүн : Маш их хэмжээгээр гүтгүүлж, гутаалгачихаад хоёрхон сая төгрөгөөр торгуулаад өнгөрч болохгүй

Энэ заалтыг эрүүгийн хуулиас хасч энэ хуулийн төсөлд оруулж ирэхдээ томьёоллын хувьд оновчгүй оруулж ирсэн байна. Мөн зөөлөн, хөнгөн хэлбэрээр оруулж ирсэн байна гэж үзэж байгаа. Монгол хэлэнд “гүтгэх”, “гутаах” гэдэг үг нь өөр агуулгатай. Гарчиг дээр нь “гүтгэх” гэсэн мөртөө доторх агуулгад “гүтгэх” гэдэг үг байхгүй байна. “Гүтгэх” гэхээр хүний огт хийгээгүй зүйлийг хийсэн болгоод ярих асуудлыг хэлэх болов уу гэж ойлгож байгаа бол харин “гутаах” гэхээр муулахтай холбоотой асуудал гэж ойлгож байгаа. “Нэр хугархаар яс хугар” гэсэн үг байдаг. Иймд энэ асуудалд онцгой анхаарах ёстой. Мөн хүн гүтгэсний хариуцлага нь ердөө хоёрхон сая төгрөг байна. Маш их хэмжээгээр гүтгүүлж, гутаалгачихаад энэ хэмжээний мөнгөөр торгуулаад өнгөрч болохгүй.

Ийнхүү Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдий талаар гишүүд байр сууриа илэрхийлэн санал хэлж, дараагийн хэлэлцүүлгийн шатанд зарим зүйл, заалтыг томьёоллын хувьд засаж залруулж, сайжруулаад явах нь зүйтэй гэж үзээд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.