Нийгэм

“Khaan quest”-ынхан Баянзүрх дүүрэгт ажиллаж байна

М.Энхмаа
2015-06-26 01:23

Монгол улсын Зэвсэгт хүчнээс АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран зохион байгуулдаг  “Khaan quest-2015” Олон улсын энхийг дэмжих ажиллагааны хээрийн сургалт, дадлага энэ сарын 20-ноос үйл ажиллагаа эхлүүлсэн.

Энэ үйл ажиллагааны хүрээнд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Мэргэжлийн сургалттай 55 дугаар бүрэн дунд сургуульд тохижилт, засварын ажил хийхээс гадна 24 орны “HSSE MEDCAP” эмнэлгийн эмч нар Баянзүрх дүүрэгт ажиллаж байгаа юм  байна.

Сургуулийн тохижилт, засварын ажлыг хийж байна

Барилга инженерийн хамтарсан ажиллагааны хүрээнд тус сургуулийн гадна хашааг бүрэн шинэчлэх, анги танхим, өрөө, кабинетуудын хаалгыг шинэчлэх, сургуулийн ариун цэврийн өрөөнүүдийг бүрэн засварт оруулж эмчилгээний биеийн тамирын өрөөг засч тохижуулах зэрэг ажлуудыг хийж байгаа юм байна.

Энэхүү засварын ажлыг энэ сарын 30-ны өдөр дуусган сургуулийн захиргаанд хүлээлгэн өгөх ажээ.

5000 гаруй иргэнийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна

Үүний зэрэгцээ Баянзүрх дүүрэгт ажиллаж байгаа 24 орны “HSSE MEDCAP” эмнэлгийн эмч нар дүүргийн 5000 гаруй иргэнийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах бөгөөд одоогоор 3800 гаруй иргэнд үзлэг шинжилгээ хийгээд байгаа аж.

Уг эмнэлгийн баг иргэдийг физик эмчилгээ, шүд, нүд, чих, хамар хоолой, дотор, мэс засал, хүүхэд, эмэгтэйчүүд, арьс харшил /гоо засал/, эхо, мэдрэл зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байгаа юм байна.

Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо буюу Шархадны 79 дүгээр сургуулийн байранд баг байрлан хийгдэж байгаа энэ үзлэг маргааш хүртэл үргэлжлэх ажээ.