Бусад

Б.Галдаа: Манай албыг эргүүлэн сэргээх гэхээр АТГ айж, сандраад байгааг ойлгохгүй байна

М.Энхмаа
2015-06-26 01:29

Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ- ын байнгын хороогоор хэлэлцсэн. Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг эргүүлэн сэргээх талаар хэлэлцэх үеэр АТГ-ын дарга Н.Ганболд УЕП-ын дэргэдэх мөрдөн байцаах албыг байгуулах юм бол АТГ цаашид ажиллах боломжгүй болж байна гэж мэдэгдсэн. Мөн дээрх хуулийн төсөлтэй холбоогоор АТГ-аас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандаад байгаа. Энэ талаар Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга асан Б.Галдаатай ярилцлаа.

-Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг анх байгуулж байсан үеийн талаар яриагаа эхлүүлье?

-2002 оны есдүгээр сард багц хуулиуд батлагдаж, Ерөнхий прокурорын дэргэд Мөрдөн байцаах алба гэж байгуулсан. Хуулийнхан хуулийнхнаа шалгаж чадахгүй байна, ард иргэдийн эрх хууль, төрийн байгууллагын хүрээнд зөрчигдөж байна гэсэн нийтийн хүсэл сонирхол дээр тулгуурлаж энэ албыг байгуулсан. Засгийн газрын баталсан тогтоолын дагуу 24 мөрдөн байцаагчтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Өмнө нь ийм алба байгаагүй, энэ чиглэлийн хэргүүдийг цагдаагийн мөрдөн байцаагчид гүйцэтгэж байсан юм. Манай алба байгуулагдсаны дараахь 2-3 жилд бидэнд хүндрэлтэй асуудал цөөнгүй байсан. Материаллаг баазгүй, боловсон хүчингүй, суурь баазгүй хөрсөн дээр энэ албыг байгуулсан учраас бүгдийг шинээр бий болгосон. Гэхдээ энэ хугацаанд залуучуудын чадавхи, байдал ч сайжирч, мэргэшиж эхэлсэн. Хуулийнхаа дагуу хараат бус байх үүднээс төсөв, хөрөнгө нь хүртэл тусдаа батлагдаж байсан түүхтэй. Хэн нэг хүнээс хараат бус, сайн муугаа өөрөө үүрч явдаг тогтолцоог бий болгохыг зорьсон. Бид 2012 онд арван жилийн ойгоо тэмдэглэж, ажлаа дүгнэсэн. Чамлахааргүй ажил хийж, иргэддээ үйлчилсэн байдаг юм. Энэ хугацаанд 600-700 гомдол, 400 гаруй эрүүгийн хэрэг шийдвэрлэсэн гэсэн тоон мэдээ байсан. Хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар биелүүлж, албан хаагчид мэргэшээд ирэхээр олон нийтийн хандлага ч бидний хийсэн ажлыг үнэлж, дүгнэдэг, сайшааж, урамшуулдаг болоод ирж байгаа юм. Энэ нь биднийг ажлаа сайн хийсэн гэснийг харуулж байгаа бас нэг үнэлгээ юм болов уу. Гэтэл гэнэт л манай газрыг татан буулгаад, АТГ-т нэгтгэчихсэн.

-Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг АТГ-т нэгтгэснээр иргэдийн эрх ашиг зөрчигддөг байдал эргэн сэргэлээ. Хууль, хяналтынхан ч гэлтгүй төрийн албан хаагчид ч иргэдийн эрх ашгийг зөрчих боллоо гэх мэдээлэл цөөнгүй гарлаа. Энэ тал дээр ямар тайлбар өгөх вэ?

-Интернэт, олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр яригдаж, бичигдэж байгаагаас харахад хуулийнхан хуулийнхнаа шалгаж чадахгүй, Мөрдөн байцаах хэлтэс ажлаа хийж чадахаа болилоо гэх хандлагууд бий болж байна. Үнэний ортой шүү дээ. Нэг анги төгссөн, нэг нутгийн, нэг хашааны, нэг гэрт өссөн, нэг сургууль төгссөн албан хаагчид бие биеэ шалгаж, хэрэг илрүүлнэ гэдэг аль ч талаасаа бодсон үнэнд нийцэхгүй. Иргэд АТГ-ын дэргэдэх мөрдөн байцаах албанд хандлаа гэхэд харьяаллын дагуу тухайн цагдаагийн хэлтсийг шалга гээд харьяалал тогтоогоод өгч байна. Нэг албанд мөр зэрэгцэн ажиллаж байгаа цагдаа нар нэгнийгээ гэмт хэрэгт буруутган шалгах болдог. Шалгаж байгаа хүнд ч хэцүү, шалгуулж байгаа нь ч өмнө нь найздаа жаргал зовлонгоо ярьчихсан байхыг үгүйсгэх аргагүй. Ямар нөхцөл байдал үүсэхийг ойлгож байгаа биз дээ. Энэ бол зохицуулалт муу байгаагийнх. Үүнийг би хувьдаа Үндсэн хуулиар хүлээсэн үүрэг, олон улсын хүний эрхийн байгууллагуудын өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаасаа ухарсан өнгөцхөн, гоомой шийдвэр гэж үзэж байгаа. Монгол Улс хүний эрхийн 50 шахам гэрээ, конвенцид нэгдсэн байдаг. Энэ олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд гол үүрэг гүйцэтгэгчийн нэгээр манай алба зогсож байсан. Хүний эрх хаана зөрчигдөж байна вэ. Хуулийн хүрээнд зөрчигдөж байна, төрийн албаны хүрээнд, хуулийн байгууллагын хүрээнд ихэнхдээ зөрчигдөж байна шүү дээ. Тиймээс энэ нөхцөл байдалтай хамааралтайгаар бодит байдлыг үнэлж, харах хэрэгтэй юм. Хүний эрхийн дэд хороо, Эрүүдэн шүүхийн тусгай хорооноос Засгийн газарт зөвлөмж, чиглэл явуулж, анхааруулаад байгаа нь нэг юм хэлээд байгаа юм шүү дээ. Буруу шийдвэрээ засаж, залруулаач, эргэж хараач гээд байгаа юм. Ингэхдээ манай албыг аль нэг байгууллагад аваачаад наах биш юм. Энэ байгууллагын статус биеэ даасан, хараат бус байх ёстой.

-Гэхдээ УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг АТГ-ын харьяанд өгсөн ч өмнө нь хийж байсан ажлаа үргэлжлүүлэн хийх боломж бүрдэхгүй байна уу?

-Гэнэтхэн л АТГ-т манайхыг нэгтгэж, төсөв хөрөнгийг нь ч тийшээ шингээчихсэн. Гэтэл үнэндээ АТГ бол зөвхөн албан тушаалын хэргээр хэдхэн газрыг шалгадаг байгууллага шүү дээ. Биднийг АТГ-т нэгтгэхдээ эрүүгийн болоод өмнө нь манай байгууллагын шалгаж байсан хэргүүдийг хэн, ямар алба шалгах вэ гэдэг нь тодорхой бус, хоосон орон зай үлдээсэн. Энэ орон зайг нөхөх эрх зүйн орчин, нөхцөлийг бүрдүүлж чадаагүй. Энэ бүхнээс болж олон нийт бухимдаж, хаана хандахаа мэдэхгүй бужигнаж байна. Энэ бүхний эцэст хүний эрх зөрчигдөх, хууль гажуудах, үүнийг ашиглан зарим нэг нь ял завших, зарим нь хохирох нөхцөл нь бүрдчихээд байна. УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг АТГ-ын харьяанд өгснөөс хойш хууль хяналтын албан тушаалтнуудтай холбоотой шүүхэд шилжүүлсэн хэрэг байхгүй гэж сонссон.

-Тодруулбал?

- Тусгай субьектүүдийн хэрэг, зөрчлийг шалгадаг улс орон ч бий. Гэтэл манайд арав гаруй жил болоод ирсэн байгууллага гэнэт яагаад болохоо байчихсан юм бүү мэд. Байгуулсан алба, хамт олноо магтаж, саймширхаж байгаа юм огт биш. Эрх зүй, хүний эрхийг хамгаалах, хуулийг эрүүл хэрэгжүүлэх, хөгжүүлэхэд энэ алба өерөе чухал үүрэгтэй байсан юм. Үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг, хедөө гадаа их явдаг, тэр дундаа хуульчдын өөрсдийнх нь гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгадаг гэдэг утгаараа өндөр хариуцлагатай алба байсан. Нэгдүгээрт хууль, шүүх, цагдаа, төрийн байгууллагын албан хаагч буруутай, үгүйг нь тогтоодог, хууль бус үйл ажиллагаа бий болохоос урьдчилан сэргийлдэг, сэрэмжлүүлдэг ганц байгууллага нь байв. Мэргэжил нэгтнийхээ алдаа, оноог зөв дэнсэлдэг газар юм. Түүнээс биш мөр зэрэгцэж байгаа нэгнийгээ ялладаг, эсвэл хийсэн бурууг нь цайруулдаг ч газар биш. Гол нь зөв дүгнэж, зөв замыг бий болгох, үнэнийг тогтоох гээд байгаа юм.

-Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэх үеэр гол яригдсан зүйл гэвэл Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг эргүүлэн байгуулах асуудал байсан. Асуудал хэлэлцэж байх үед АТГ-ын дарга Н.Ганболд “Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газрыг эргүүлэн байгуулах юм бол АТГ цаашид ажиллах боломжгүй болж байна” гэж мэдэгдсэн. Энэ талаар ямар санал бодолтой байна вэ?

-Үнэндээ бол АТГ шалгах ёстой хэргээ хуулийн дагуу шалгана. Хорьж, цагддаг, эрүүдэж, шүүдэг процесс нь хууль, журмынхаа дотор явагдана. Энэ нь Мөрдөн байцаах албыг АТГ-т нэгтгэсэнтэй огт хамааралгүй асуудал. Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газар эргүүлэн байгуулагдлаа гэхэд АТГ-ын үйл ажиллагаанд ямар ч саад бэрхшээл болохгүй шүү дээ. Бид иргэн хүнийг ямар нэгэн гэмт хэрэгт холбогдуулан шалгахдаа хуулийн дагуу ажиллаж байгаа үгүйг хянадаг газар байсан. АТГ бол өөрийн гэсэн хуультай, түүгээрээ зохицуулагддаг, эрх зүйн орчинтой. АТГ-ын чиг үүрэгт Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газрын чиг үүрэг ямар ч хамаа байхгүй. Тэс өөр хоёр зүйл. Иргэнийг шалгах үедээ хууль зөрчсөн, алдаатай, гэмт хэргийн шинжтэй зүйл хийвэл манай байгууллага шалгах эрхтэй.

-Мөрдөн байцаах албыг бие даасан байдлаар дахин сэргээх тухай Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг хууль санаачилснаа танилцуулсан нь багагүй хэл ам боллоо. АТГ-аас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүртэл бичиг хүргүүлсэн байна лээ. Энэ албыг яагаад ингэж их эсэргүүцээд байгаа юм бол?

-Мөрдөн байцаах албыг АТГ-т нэгтгэх үед тэнд байсан албан тушаалтнууд ямар нэг юм хэлэлгүй, шууд кноп дарж, дэмжээд л гараад явчихаж байсан. Энэ нь мөрдөн байцаах албыг өөрсдөдөө нэгтгэх сонирхолтой байсан гэсэн үг. Хууль санаачлах эрх УИХ- ын гишүүн бүрт бий. Хуулийг батлах эсэх нь Их хурлын эрх мэдлийн асуудал. Гэтэл хэн нэгний санаачилсан хуулийн төсөлд АТГ айж, сандарч, балмагдаад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд албан бичиг хүргүүлээд байгааг гайхаж байна. Хүргүүлсэн бичгийнх нь үндэслэлийг би мэдэхгүй. Гэхдээ юунаас нь айж, сандраад байгаа хэрэг вэ. УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба ямар мангас биш дээ. Үнэн мөнийг тогтоох, хүний эрхийг хамгаалах чиг үүрэгтэй л байгууллага шүү дээ. Шүүгч, прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, тагнуулын ажилтан, цагдаа, тахар гээд бүгдтэй нь л адил чиг үүрэгтэй байгууллага. Энэ алба чиг үүргийнхээ дагуу ажиллаж болохгүй ямар шалтгаан, нөхцөл байгаа юм бол. Бид ямар нэг гомдол, мэдээллийн дагуу ажил үүргээ гүйцэтгэдэг. Түүнээс биш хэн дуртайгаа шалгах эрх, шаардлага бидэнд байхгүй. Хууль, шударга ёс, хүний эрхийг дээдэлье гэж Үндсэн хуулиндаа тусгасан бол үүнийгээ хангах эрх зүйн орчныг тогтвортой байлгах, бүрдүүлэх хэрэгтэй. Үүнийг хангах гэж яваа байгууллагын нэг нь Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба юм шүү дээ. Цагдаа, прокурор, шүүхийн байгууллага эсэргүүцээгүй байхад ганцхан АТГ эсэргүүцээд байгаад гайхаж байна.

-Мөрдөн байцаах албыг бие даасан байдлаар дахин бий болгох хэрэгтэй гэж та үзэж байгаа байх. Энэ тухай товчхон тайлбар хийж өгөх үү?

-Мөрдөн байцаах алба тийм ч сүртэй зардалтай, эрх дархтай байгууллага биш шүү дээ. АТГ-тай харьцуулахад төсөв хөрөнгө нь хамаагүй бага, 20 гаруй мөрдөн байцаагч маань цагдаагийн цалингаар цалинждаг ийм л газар байсан. Энэ албыг дахин сэргээх байх гэж боддог. Энэ байгууллага байснаар хууль, шүүх, цагдаа, төрийн байгууллага доторх хуулийн хүрээнд мэт боловч хүний эрхийг зөрчиж буй байдлыг багасгах, арилгах юм. Жилд шүүх рүү 20 орчим, прокурорт 20-30 хэрэг яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлдэг. Энэ бүгдийг зохих хууль, журмын дагуу шийдвэрлүүлдэг. Эрүүдэн шүүх ажиллагаатай холбоотой гомдол цөөнгүй ирдэг. Зодоод хэрэг хүлээлгэчихдэг, хилсээр хүлээлгэдэг, бусдаар дарамтлуулж хүлээлгэдэг, гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хорьж, цагддаг, хууль бус шийдвэр гаргадаг цөөнгүй баримт бий. Хүний эрхийн комиссоос гаргасан 2013, 2014 оны тайлангаас хүний эрхийг зөрчиж байгаа олон зуун баримт харж болно. Зөвхөн эрүүдэн шүүх явцтай холбоотой 2-3 хэрэг жилд шүүхээр шийдэгддэг. Энэ нь хүний эрх хуулийн байгууллагын хүрээнд зөрчигдөж байгааг хэлээд байгаа юм. Манай байгууллага ажилласнаар сүүлийн жилүүдэд энэ төрлийн хэрэг байхгүй, бусад төрлийн мэдээлэл ч багасах хандлагатай болсон. Энэ нь манай байгууллагыг ажлаа хэрхэн хийж байсныг хэлээд өгнө. Одоо харин энэ байдал эргэж бий болох хандлагатай байна.

-АТГ-аас үе үе хэвлэлийн хурал зарлаж, тэр албан тушаалтан тийм хэмжээний мөнгө хувьдаа завшсан, түүнийг ийм хэргээр сэжиглэн байцааж байна гэх мэтээр мэдээлэл хийдэг болсон. Шүүхийн шийдвэр гараагүй байхад ийм мэдээлэл хийх нь хүний эрх зөрчиж байгаа асуудал гэж шүүмжлэлд өртөөд байгаа. Эсвэл энэ нь АТГ-т хамааралгүй байдаг юм уу?

-Үндсэн хуулиар гэм буруутай эсэхийг нь шүүх тогтооно. Түүнээс өмнө хуулийн аль ч шатанд хэн нэгэн сэжигтэн, яллагдагчийг гэм буруутан болгох эрх хэнд ч, ямар ч албан тушаалтанд байхгүй. Гэхдээ ийм буруу хандлага манайд бий. Жишээ татсанаар тань АТГ-ын тухай ярихад тус байгууллага өөрсдийн хийсэн ажлаа буруу сурталчлаад байгаа юм. Шүүхийн тогтоол гараагүй байхад хэн нэг сэжигтний нэр ус, хийж байсан ажил, сэжиглэж байгаа хэргийн тоо баримтыг дэлгэчихээд байгаа нь буруу. Шүүхийн тогтоол гараагүй байхад тэчнээн тэрбум төгрөг завшсан, ийм хэрэг хийсэн гэж зарлах нь хүний эрхийг зөрчиж байгаа асуудал. Дараа нь шүүхээр хэргийг шийдвэрлэхэд АТГ-аас эсвэл аль нэг байгууллагаас зарласан, мэдээлсэн хэрэг нь нотлогдохгүй байвал хүний эрхийг ноцтой зөрчсөн гэсэн үг. Ийм тохиолдол байдаг. Нөгөө хүн нэр төрөө сэргээлгэнэ, бие мах бодийн хохирлоо төлүүлнэ гээд гомдол гаргалаа гэхэд одоо түүнийг нь мөрдөн шалгах хэлтэс, байгууллага байхгүй болсон гэсэн үг. Энэ бол олон улсын өмнө хүлээсэн үүргээсээ ухарч, буцаж буй шинж, ийм байж болохгүй л дээ. Харин ийм төрлийн, тийм хэргээр сэжиглэгдэж байна гэсэн мэдээлэл өгч болно. Түүнээс биш мөрдөн байцаалтын процесс, байгууллагын үйл ажиллагааг задалж болохгүй шүү дээ. АТГ-аас хэн нэгэн хүнийг холбогдсон хэргийн талаар, нэрийг нь зарлаж, мөрдөн байцаалтаар албан тушаалаа ашиглаж тэдэн төгрөгийн мөнгө завшсан нь тогтоогдлоо гэж мэдээлэл хийж байгаа нь хууль зөрчсөн асуудал гэж үзэж байгаа. Хэрэв УЕП-ын дэргэдэх мөрдөн байцаах алба байсан бол, иргэд гомдол ирүүлсэн бол бид хуулийн дагуу тухайн хүний эрхийг хамгаалж АТГ-ыг шалгах байсан.

-Албан тушаалтай холбоотой хэд хэдэн хэргийг танай байгууллага шалгаж байгаад дунд нь орхигдуулсан тухай яриа гарсан. Энэ талаар тайлбар өгөөч?

-Улсын Их Хурал 2014 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр баталсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн  байцаан шийтгэх хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсоноор Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны харьяаллын гэмт хэргүүд Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэргийн харьяалалд, ахуйн чанартай гэмт хэрэг нь Цагдаагийн байгууллагын харьяалалд тус тус шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, бид шүүгчтэй, прокурортой, цагдаатай, хэрэг бүртгэгчтэй холбоотой 10 орчим хэргийг АТГ-т шилжүүлсэн. Манай байгууллага хүлээсэн үүргийнхээ дагуу ажлаа хийсэн, шийдвэрийн дагуу хэргийг шилжүүлсэн. Түүнээс биш манайх хэрэг илрүүлэхгүй, орхигдуулсан зүйл байхгүй. Манай байгууллагын тухай энэ мэт хар мэдээлэл иргэдэд хүргээд байх нь буруу юм л даа. Манай байгууллагыг хүний эрхийг хамгаалж чаддаг, гэм буруутайг эсвэл буруугүйг тогтоож чаддаг байгууллага гэдгийг хүний эрхийн байгууллагууд ч хүлээн зөвшөөрдөг. Одоо ч нийгэмд хүлээлт бий болоод байх шиг байна.

 

Эх сурвалж:  Өдрийн сонин