Нийгмийн салбарын хувьчлалыг болиод өөрчлөн байгуулалтыг дэмжинэ
Өнөөдөр УИХ-ын нэгдссэн чуулганаар. Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд байр сууриа илэрхийлж, ажлын хэсгээс оруулсан зарчмын зөрүүтэй саналын томъёололоор санал хураалт явуулсан байна.
Санал хураалтаар нийгмийн салбарт хувьчлал хийхгүй байх санал дэмжигдсэн бөгөөд “Хөтөлийн цемент шохой” үйлдвэрийн 10 хувийг ажилчдад нь үнэ төлбөргүй хувьчлах асуудлыг хуульд нийцүүлэн засахаар болжээ.
Л.Энх-Амгалан гишүүн: Төрийн өмчийн хорооны өөрчлөн байгуулалт бүтцийн асуудлыг ярих ёстой юм биш үү
Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлтэй зэрэгцүүлээд Төрийн өмчийн хорооны өөрчлөн байгуулалт бүтцийн асуудлыг ярих ёстой юм биш үү. Төр хэчнээн хэмжээний өмчтэй вэ гэхээр 5 их наяд төгрөг гэдэг. Хэзээ хийсэн үнэлгээ юм бэ. Төрийн өмчит ААН-ийн ихэнх нь алдагдалтай байдаг. Дахин үнэлгээг хэзээ хийх вэ. Төрийн өмчит компаниудын өр 2 их наяд төгрөгт хүрчихээд байна, энийг яаж шийдэх юм. Төрийн өмчийн хорооны удирдлага менежментийг эхэлж ярьчихаад дараа нь жагсаалтыг нь ярих ёстой юм биш үү.
А.Бакей гишүүн : Ашгийн бус компани гэсэн нэр томъёо байхгүй
Монголын цахилгаан холбоо ХХК-ын төрийн эзэмшлийн хувьцааг Солонгосын талд хувьчилна, зөвшөөрөхгүй бол нийтэд худалдана гэж заасан байна. Ингэж зааж болохгүй. Мөн төрийн өмчийн их дээд сургуулийг ашгийн бус компанид шилжүүлнэ гэсэн байсан. Ийм нэр томъёо байхгүй шиг санагдаж байна.
Ө.Энхтүвшин гишүүн : Уг нь энэ хувьчлалын жагсаалтыг өнөөдөр ярьж байх ёстой эд биш
Уг нь энэ хувьчлалын жагсаалтыг өнөөдөр ярьж байх ёстой эд биш. 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа байгуулагдсан ЗГ мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтээ батлуулаад дараа нь энэ асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх ёстой байсан. Гэвч чадаагүй, 2013 онд, 2014 онд чадаагүй. Ингэж явсаар шинээр байгуулагдсан ЗГ энэхүү асуудлаа УИХ-д өргөн барьсан. Оруулж ирэхдээ 2015 оны төсөвт өмч хувьчлалаас 170 тэрбум төгрөг төвлөрүүлэх шаардлагатай гэдэг байдлаар оруулж ирсэн. Энэ асуудлыг яаралтай шийдэж өгөхгүй бол төсвийн орлого тасрах гээд байна гэсэн.
Ш.Түвдэндорж гишүүн : Төрийн өмчийг хувьд шилжүүлснээр маш олон дэвшил гарсан
Төрийн өмчийг хувьд шилжүүлснээр маш олон дэвшил гарсныг хэн ч үгүйсгэхгүй. Тэр үйл ажиллагааны хүрээнд жил болгон хувьчлалын асуудал яригддаг. Энэ удаад 2015-2016 онд төрийн өмчийг хувьчлах жагсаалт орж ирж байна. энэ асуудалд олон нийтийн санал, намууд, улстөрийн тохиролцоонд үндэслээд шийдвэрүүдийг гаргаж байгаа юм байна. Төрийн өмчийг хувьчлах асуудалд хэлэх зүйл алга. Харин хуулийн хүрээнд хувьчлагдах гэж байгаа ААН-үүд хуулиас гадуур санал оруулж ирсэн харагдаж байна. Ажиллагсдадаа хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр гэж үнэ төлбөргүй эзэмшүүлэх асуудлыг хэлсэн байна. Энэ хаанаас батлагдсан ямар хөтөлбөр байдаг юм. Үнэ төлбөргүйгээр хувьцаа шилжүүлж болдог түүх байдаг юм уу? Монголын түүхэнд ийм хувьчлал явагдаж байсан юм уу?
ЭЗБХ-ы дарга Ж.Батсуурь: Нийгмийн салбарт хийх хувьчлалыг болиод өөрчлөн байгуулалтыг дэмжье
Монголын хөрөнгийн биржийн хувьчлалыг хасъя гэсэн. Яагаад гэвэл нэгдүгээрт, өртэй. Хоёрдугаарт, олон улсын зах зээлд хувьцаа зарах борлуулах нөхцөл бүрдээгүй гэж үзсэн.
Нийгмийн салбарт хийх хувьчлал, өөрчлөн байгуулалтын тухайд энэ хувьчлалыг нь больчихъё, өөрчлөн байгуулахыг дэмжье гэсэн. Өөрчлөн байгуулалт хийхгүй бол удирдлагыг нь сонгуулийн дараа солино гэх юм, хуулиа л хэрэгжүүлнэ ш дээ. Шаардлагатай нь солигдож л таараа.