Улсын их хурал

Д.Батцогт : Монголчууд бид элгээ ярьдаг шигээ хайрлаж, хамгаалж чадахгүй байна

М.Энхмаа
2015-06-26 05:22

Өнөөдөр Төрийн ордонд “Элэгний хорт хавдартай тэмцэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашдын зорилт” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулсан байна.

Энэхүү хэлэлцүүлгийг  НББСШУ-ы байнгын хорооноос Эрүүл мэнд, спортын яам болон Монголын элэг, цөс, нойр булчирхайн нийгэмлэгтэй хамтран  “Эрүүл элэг” үндэсний арга хэмжээний хүрээнд зохион байгуулжээ.

Тус хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд болон Эрүүл мэнд, спортын яам, Хавдар судлалын үндэсний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв, АШУҮИС, Вируст гепатитын чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллага, Клиник болон дүүргийн эмнэлэг, ХБНГУ-ын “Байер” фарма компанийн төлөөлөл оролцсон аж.

Хэлэлцүүлгийг нээж тус байнгын хорооны дарга Д.Батцогт:

 “ Статистик үзүүлэлтээс харахад хорт хавдраар өвчлөгсдийн 44 хувийг элэгний хорт хавдар дангаараа эзэлдэг бөгөөд жилд дунджаар 1700-1800 хүн энэ өвчнөөр өвчилдөг гэжээ. Монголчууд бид нарийн нандин зүйлээ элгээрээ төлөөлүүлж элэгтэйгээ холбож ярьдаг ард түмэн билээ. Гэтэл бид элгээ ярьдаг шигээ дээдлэн хайрлаж, гамнаж чадахгүй байгаагийн бодит жишээ энэ тоон үзүүлэлтээс харагдаж байна. Дээрх тоо баримтаас харахад энэ асуудалд төр, засгийн зүгээс онцгой анхаарал хандуулах шаардлагатай байгаа нь харагдаж байна. Иймээс өнөөдөр энэ сэдвээр мэргэжлийн хүмүүсийг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулж санал солилцож байна” гэжээ.

Уг хэлэлцүүлгээр сүүлийн жилүүдэд олон шалтгаанаас болоод өвчний гаралт нэмэгдэж байгаа бөгөөд хүн амын хавдрын өвчлөлийн бүтцэд урьдчилан сэргийлэх харьцангуй боломжтой элэг, хотоод, умайн хүзүү, улаан хоолой, хөхний хорт хавдрууд зонхилж байгаа талаар дурьдсан байна.

Мөн элэгний хорт хавдраар өвчлөхөд  

  • Физикийн хүчин зүйлс : Архи, тамхины хэрэглээ, зохисгүй хооллолт буюу жимс, жимсгэнэ, хүнсний ногоо хангалтгүй хэрэглэх, хөдөлгөөний хомсдол, илүүдэл жин, таргалалт, мөн хэт ягаан туяа, цацраг туяа
  • Химийн хүчин зүйлс : Бензопирен, формальдегид, афлатоксин, асбестоз
  • Биологийн хүчин зүйлс : Вирус, бактери, паразит

зэрэг нөлөөлдөг болох нь судалгаагаар батлагдсан талаар мэдээлжээ.

Тиймээс цаашид элэгний хорт хавдрын эрт илрүүлэлтийн тогтвортой тогтолцоог бий болгох, үүний тулд нэг талаас өрх, сумын эрүүл мэндийн төв, аймаг дүүргийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагааг сайжруулах нөгөө талаас иргэдийн эрүүл мэндийн боловсрол, өөрийн эрүүл мэндэд тавих анхаарлыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байсан юм.