Улсын их хурал

БХБ-ын сайд Д.Цогтбаатар : Нийт 295 газар эзэмшигч, ашиглагчийн газрын эрхийг хүчингүй болгосон

М.Энхмаа
2015-06-26 08:45

Өнөөдөр үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Д.Ганхуяг, С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг нарын гишүүд  Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонссон байна.

Дээрх гишүүд Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилт болон нийслэлийн гэр хорооллуудыг дахин төлөвлөж, орон сууц барих ажлын явц байдлын талаар Ерөнхий сайдад хандаж асуулга хүргүүлээд байсан ажээ.

Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар:

“ 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр өмчлүүлэх болон зуслангийн бүсийн нийт 76 байршилд хаягийн зургийг баталж, шинээр газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршлыг сонгох үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулах ажлыг хэрэгжүүлсэн. Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээгээр олгогдсон газраас илүү талбай ашигласан, инженерийн шугам сүлжээ түүний хамгаалалтын бүсэд хууль зөрчиж газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, хуулийн этгээдийн судалгааг гарган зөрчлийг арилгах шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Нийт 295 газар эзэмшигч, ашиглагчийн газрын эрхийг хүчингүй болгосон.

Нийслэлийн хэмжээнд 2014 оны жилийн эцсийн байдлаар 200,161 газар эзэмшигч, ашиглагч, өмчлөгч байна. Үүнээс гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөгч иргэн 102,800, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшигч 87,789, газар эзэмшигч аж ахуйн нэгж 6,197, төрийн байгууллага 3,119, бусдын эзэмшиж буй газрыг ашиглагч Монгол улсын ААН 41, газар ашиглагч гадаадын иргэн 14, газар ашиглагч гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, хуулийн этгээд 201 тус тус бүртгэлтэй байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд 2014 онд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Ханын материал орчимд 168 айлын орон сууц, Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, орон сууцны 7 дугаар хороолол орчимд 288 йлын орон сууцыг тус тус ашиглалтад оруулсан. Ашиглалтад оруулсан орон сууцны 1мкв-ыг дунджаар 1.677.500 төгрөгөөр борлуулсан.

2015 онд 27,435 айлын орон сууц зэх зээлд нийлүүлэгдэх төлөвтэй байгаа бөгөөд 2014 онд ашиглалтад орсон 24,744 айлын орон сууцны 7,000 айлын орон сууц борлуулагдаагүй байгаагаас орон нутгийн хэмжээнд нийт 844 байна.” гэжээ.

Мэдээлэлтэй холбогдуулж гишүүд асуулт асууж тодруулсан юм.

Ц.Баярсайхан гишүүн : Монгол Улсын иргэд газар эзэмших эрхтэй. Ялангуяа хот хоорондын зам, аймгуудыг холбосон замын дагуу худалдаа, үйлчилгээний цогцолбор барих боломжийг тухайн зам дайран өнгөрч байгаа нутгийн иргэдэд түлхүү олгох хэрэгтэй гэж үздэг. Ингэхдээ стандартын дагуу барих, замаасаа орж гарах гарц, ялангуяа хурдны замыг барихад тооцоо судалгаатай барих хэрэгтэй. Мөн аялал жуулчлал хөгжиж байгаа энэ үед замын дагуух “00”-ын асуудал огт шийдэгдээгүй. Өмнө нь зам дагуух шатахуун түгээх газар байгуулахад түүнийг түшиглэн “00”, үйлчилгээний газруудыг цогцоор нь шийдэх эхний оролдлогуудыг хийж байсан. Энэ чиглэлээр төлөвлөж байгаа зүйл бий юу. Түүнчлэн Монгол Улсын иргэдэд 0,05-0,07 га газар өмчлүүлж байгаа. Одоо газар олголтын байдлыг харахад цөөхөн хувьтай байгаа. Газар олголтын хуулийн хугацааг хоёр ч удаа сунгасан.

Д.Хаянхярваа гишүүн : Аймгуудын хэмжээнд газар өмчлөлийн асуудал ямар байгаа болон гадаадын иргэдэд газраа худалдсан, урт хугацаагаар гэрээлэх, эзэмшүүлэх зөрчил хэр байдаг болон энэ асуудал аль дүүрэгт илүү байдаг вэ?

Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар: Аймгийн хэмжээнд 19 хувь , нийслэлийн хэмжээнд хүн амын 8 хувь нь газраа өмчилж авсан. Энэ нь нийт хүн амын 13 хувь нь газраа өмчилж авсан үзүүлэлт юм. Аймгуудын хувьд авч үзвэл, жишээ нь Дархан-Уул аймагт 2013 онд нийт хүн амын 11 хувь нь газар өмчилсөн байна. 2014 онд энэ үзүүлэлт 11.59 хувь болсон байна. Гадаадын иргэд хуулиараа газар өмчлөх эрхгүй. Гадаадын иргэд зөвхөн газар ашиглаж байгаа. Ингэхдээ газар эзэмшигчтэй газар ашиглалтын гэрээ хийх зохицуулалтаар явж байгаа.

Д.Ганхуяг гишүүн : 2008-2012 он, 2012-2015, 2004-2008 оныг харьцуулсан байдлаар газар хувьчлал, дэд бүтэц, орон сууцжуулалтын санхүүжилтийн талаар хариулт авахыг хүсэлт гаргасан ч эдгээр асуултад сайн хариулт өгч чадсангүй. Мэдээлэл байхгүй, мэдээллээ боловсруулж чадахгүй байгаадаа анхаарах хэрэгтэй. Одоо дарга гэхээр л сайн шийдвэр гаргадаг гэж ойлгож болохгүй. Хот төлөвлөлтийн асуудал том салбар, том шинжлэх ухаан болсон. Барилга хот байгуулалтын яам, Засгийн газар, хот мэдээллээ нэгтгэж ажиллахыг хүсмээр байна. Нэгдсэн мэдээлэлтэй байх юм бол маш ухаалаг шийдвэр гаргаж чадна. Дэд бүтэцтэй болсноор иргэдийн худалдаж авсан газар үнэ цэнэтэй болж байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсын хөрөнгө хуримтлалын хэмжээ нэмэгдэж байна гэж ойлгож болно. Иргэдээ үл хөдлөх хөрөнгөтэй, орон сууцтай болгох, дэд бүтцийг нь төрөөс шийдэх асуудал төрийн анхааралд байх ёстой.