Грекийн хямрал гүнзгийрч, еврогийн ханш уналаа
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас зээлдүүлэгчидтэйгээ уулзалт хийсэн билээ. Тэгвэл зээлдүүлэгчид зээлийг сунгах болон бэлэн мөнгө өгөхөөс татгалзаж, тэдний хооронд болсон яриа Грекийн хувьд таагүй байдлаар төгссөн юм. Түүнчлэн Алексис Ципрас ирэх Ням гарагт хамгийн сүүлийн үеийн тусламжийн нөхцөлийн талаар олон нийтийн санал асуулга явуулахаа мэдэгдлээ.
Үүний дараагаар Европын хувьцаа унаж эхэлсэн бөгөөд доллартай харьцах еврогийн ханш 1.1 доллар хүртлээ унасан юм. Гэхдээ хамгийн ноцтой хохирол Герман, Франц, Нидерланд болон Их Британид гарч тэдний хувьцаа 3% хүртэл унасан байна. Ирээдүйд болох томхон хямрал эдгээр улсын зах зээлд болж магадгүй хэмээн судлаачид үзэж байгаа юм.
Грекийн хувьд байдал хүндхэн байгаа бөгөөд тэд юуны түрүүнд маргааш ОУВС-д 1,6 тэрбум евро төлөх ёстой. Үүнээс болж Грекийн банкнууд болон Афины хөрөнгийн бирж хаалгаа барьж мэдэхээр байна.