Мьянмар улсын Ерөнхийлөгчийг угтан авах ёслол боллоо
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар төрийн айлчлал хийхээр ирсэн Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейнийг угтах ажиллагаа Чингисийн талбайд ёслол төгөлдөр боллоо. Энэ сарын 28-30-ны өдрүүдэд үргэлжлэх уг төрийн дээд хэмжээний айлчлал 1956 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш Мьянмарын төрийн тэргүүний түвшинд хэрэгжиж буй анхны айлчлал юм. Монгол, Мьянмарын найрсаг харилцааг хөгжүүлэх, дээд, өндөр хэмжээний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, харилцааны эрх зүйн орчныг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой ажээ.
Эрхэм зочныг Чингисийн талбайд албан ёсоор угтан авахад төрийн хүндэт харуул жагсаж, Төрийн дуулал эгшиглэв. Хоёр улсын Төрийн тэргүүн хүндэт харуул, угтан авсан албаны хүмүүстэй мэндчилсний дараа Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Үүний дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж , Мьянмарын улсын Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейн нар Төрийн ёслол, хүндэтгэлийн гэр өргөөнд ганцаарчилсан уулзалт хийлээ.
Яриа хэлэлцээний үеэр хоёр талын харилцаа, тэр дундаа уул уурхай, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, соёлын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх болон Монгол Улсын ардчилсан шилжилтийн туршлагаас хуваалцах, бүс нутаг, олон улсын тавцанд хамтран ажиллах өргөн хүрээний асуудлаар санал солилцохоор зэхэж байна. Мөн хоёр талын харилцааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.