УИХ-ын дарга З.Энхболд : Бид тавилгын хувьд дэлхийн ямар ч брэндтэй өрсөлдөж чадахаар болж
УИХ-ын дарга З.Энхболд өнгөрөгч амралтын өдрөөр “Эм Си Лог хаус” ХХК-ийн Мод боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсаны дараа “Долоон болдог” группын тавилгын үйлдвэр, Ган хийцийн үйлдвэртэй танилцжээ.
“Долоон болдог” групп нь 2004 оноос эхлэн гал тогооны тавилга үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд “Kitchenall” нэртэй тавилгын брэндээрээ зах зээлд танигдсан байна. Жилдээ 30 мянган нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай тус үйлдвэр цаашдаа дан ганц гэр ахуйн тавилга бус албан өрөөний тавилга үйлдвэрлэх боломжтой юм байна.
“Долоон болдог” группын хувьд 2009 оноос эхлэн нийт 6 га газарт үйлдвэрлэлийн парк байгуулах зорилго тавин ажиллаж, 2010-2015 оны хугацаанд инженерийн бүрэн шугам сүлжээнд холбогдсон нийт 30.000 ам.метр талбай бүхий үйлдвэр болон оффисын барилгын бүтээн байгуулалтыг хийж, дэлхийд тэргүүлэгч компаниудын шилдэг тоног төхөөрөмжийг суурилуулан, салбарын аж үйлдвэрлэлийн оновчтой технологийг нэвтрүүлсний зэрэгцээ мэргэжлийн боловсон хүчнийг гадаад, дотоодод сургаж, 300 гаруй хүнийг ажлын байраар хангаад байгаа гэж группын Ерөнхий захирал С.Ганбаатар хэлсэн юм.
Мөн 2011 онд төмөр хийцийн үйлдвэрлэлийн чиглэлээр “Зитоп” ХХК-ийг байгуулж, жилдээ 5000 тонны хүчин чадал бүхий ган хийцийн үйлдвэрийг 2012 онд ашиглалтад оруулсан байна. Түүнчлэн “ДБ панель системс” компанийг 2015 онд үүсгэн байгуулж, үйлдвэрлэл худалдаа, үйлчилгээ болон ахуйн зориулалттай барилга байгууламж, зам тээвэр, уул уурхай, барилгын салбаруудад өргөнөөр ашиглагдаж буй олон улсын чанарын стандартад нийцсэн PU, EPS сендвич хавтангийн үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эхлүүлэн 2015 оны наймдугаар сард дуусгахаар ажиллаж байгаа юм байна.
УИХ-ын дарга З.Энхболд :
“Бид тавилгын хувьд дэлхийн ямар ч брэндтэй өрсөлдөж чадахаар үйлдвэрлэж чаддаг болжээ. Одоо иргэд дотоодод үйлдвэрлэсэн тавилгаа худалдаж аваад байвал энэ 300 ажилчин ажилтай байна. Хэрэглэгчид үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд байвал тэр мөнгө монгол ажилчдад цалин болоод очно. Гаднаас зөөгөөд байвал мөнгө гадагшаа урсаад л байна. Бидний түрүүн очсон мод боловсруулах үйлдвэрт хийсэн хавтангаар энд тавилга үйлдвэрлэж байна. Дэлхийд өрсөлдөх чадвартай, орчин үеийн олон үйлдвэр босчээ. Одоо бид борлуулалтад анхаарна. Тухайлбал, нэг спорт заал барих боллоо гэхэд Монголд ган хийц үйлдвэрлэж байгаа болохоор өрсөлдөөнд зөвхөн дотоодын үйлдвэрлэгчдийг л оролцуулна. Импортоор оруулж ирсэн ган хийц хямд үнэтэй байсан ч улсын захиалгад зөвхөн дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг л авна. Ийм маягаар бид үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих болно. Хуулиа ч тэгэж гаргана. Иргэдэд орон сууц худалдан авахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор анх найман хувийн хүүтэй зээлийг гаргасан. Энэ нь барилгажилтыг араасаа дагуулсан. Жилд 20-30 мянган айлын орон сууц баригдаж байна. Тэр бүх байруудад тавигдах тавилгыг үйлдвэрлэж байна. Одоо гаднаас тавилга зөөх шаардлагагүй болсон байна” гэжээ.