Бусад

Хүй долоон худагт "Соёлын наадам" 8 дахь жилдээ зохион байгуулагдана

О.Намуун
2015-06-29 03:15

Соёл Урлагийн Их Сургууль (СУИС), Солонгосын МЕТАА компани, Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ), хамтран Монголын нүүдэлчний соёл урлагийг гадаад дотоодод сурталчлах, наадмын соёлын үйлчилгээ, соёл урлагийн арга хэмжээний хүрээг өргөтгөх зорилготой Соёлын Наадмыг ирэх сарын 11,12-нд Хүй Долоон Худагт найм дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Тус наадмыг 2008 оноос хойш сайн дурын үндсэн дээр зохион байгуулж ирсэн бөгөөд өдгөө Монголчуудын хүсэн хүлээсэн наадам болжээ.

Хүй Долоон Худаг дахь Соёлын Наадмын үеэр “Сэрсэн Тал” үндэсний урлагийн тоглолтыг зохион байгуулахаас гадна “Монголын нэг өдөр” соёл урлаг, гар урлалын хотхон байгуулж, Их Монгол, Монгол үндэстэн ястны өртөө, уран бичлэг, эсгий урлаг, ардын аман зохиол, нүүр будалт, хөрөг зураг, Морьтны гайхамшиг шоу тоглолт зэрэг арга хэмжээгээр дамжуулан Монгол үндэсний өв соёл, уламжлалыг наадамчин олонд таниулан сурталчлах ажээ.

Зохион байгуулагчид “Соёлын Наадам”-ыг Зүүн Өмнөд Азийн урлагийн шилдэг наадмуудын нэг хэмээн үзэж байгаа бөгөөд цаашид нүүдэлчний соёл, өв уламжлалыг дэлхий дахинд таниулах зорилгоор тус наадмыг олон улсын түвшинд өргөжүүлэхээр зорьж байгаа юм.