Нийгэм

С.Жавхлан, Ц.Шаравжамц нар үсээ хусахаар болжээ

Bolor Rose
2015-06-29 04:44

 МУГЖ С.Жавхлан, МУГТ Шаравжамц нар өнөөгийн төр засгийн нийгэмд учруулж байгаа хор хохирлыг эсэргүүцэн үсээ хусах болсон талаараа өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Тодруулбал, өнөөгийн төр засаг иргэдээ хохироож, эх орон ард түмнээ хайрлахгүй байгаа учир  С.Жавхлан, МУГТ Шаравжамц нар ирэх долдугаар сарын 1-нд Чингисийн талбайд үсээ хусах болсон талаараа олон нийтэд зарлаж залуучуудыг уриаллаа.  

 

С.Жавхлан "Би хар толгойндоо бус эх орондоо хайртай болохоор үсээ хусуулахаар болсон" 

Хурлын үеэр С.Жавхлан “Улс оронд маань үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан бид үсээ хусахаар болсон. Үсээ хусах гэдэг нь өнөөгийн төр засгийг эсэргүүцэж байгаа эсэргүүцлийн дээд хэлбэр. Нөгөөтэйгээр эх орондоо зөв зүйлийг хийхийг хүсэж эх орондоо андгай тангараг өргөж байгаа явдал юм. Өнөөдрийн УИХ-ын 76 гишүүдийг ямаатай зүйрлэвэл ноолуур гардаггүй, үхэртэй зүйрлэвэл ганц халбага сүү ч гардаггүй. Улс эх оронд ямар ч ашиггүй, амьгүй төрийг бий болгож байна. Тиймээс бид энэ төрийг эсэргүүцэж байгаа юм.  Өнөөдөр нэг эмэгтэй хүүхдээ түлчихээд зовж байхад нь монголын залуучууд нэгдэн хүүхдийг нь гадаад руу эмчилгээнд явуулахад халуун сэтгэлээр нэгдэж эмчилгээний зардлыг нь төлж байна. Гэтэл нөгөө төр засаг, эрүүл мэндийн яам нь хаана байна.  Харин ч энэ залуус тамгагүй ч гэсэн эрүүл мэндийн сайдын ажлыг өмнөөс нь хийгээд явж байна. Өнөөдрийн залуучууд бид тамгатай төрөөс тамгаа авах цаг нь болжээ. Хүнлэг энэрэнгүй ардчилсан нийгэм байгуулна гэж ярьдаг гэтэл өнөөдөр шуналлаг, жөтөөрхүү, дарангуйллын нийгэм тогтоод байна. Монголын ард түмнийг гомдоож, эрх ашгийг нь зөрчиж байгаа энэ хүмүүсийг тараачээ хэмээн энэ эсэргүүцлийг гаргаж байна. Би өнөөдөр Монгол дээлээ өмсөж, монгол ёс заншил ярьсныхаа төлөө солиотой  гэж дуудууллаа, монгол газар шороогоо хамгаалсныхаа төлөө балай гэж адлууллаа, элгэн түмнээ хайрлаж явсныхаа төлөө мэдрэл муутай гэж адлууллаа, газар шороогоо өмгөөлүүлснийхээ төлөө тэнэг гэж дуудууллаа. Өнөөгийн төр засгийн эрх мэдэлтнүүд хар толгойгоо ухахгүй мөртлөө оюу толгойгоо ухаад байна. Харин бид бол хар толгойндоо бус эх орондоо хайртай тийм болохоор ард түмнийхээ өмнөөс энэ эсэргүүцлийг гаргаж байна. Бидэнтэй санал, бодол нэгтэй бүх залуучуудыг нэгдээсэй гэж хүсэж байна” хэмээн ярилаа.  

 

 МУГТ Ц.Шаравжамц " Үсээ хусуулж сэрүүцмээр санагдсан бол гурван настайдаа үсээ авхуулснаас хойш 37 жилийн турш сэрүүцэх боломж байсан"

Мөн хурлын үеэр  МУГТ Шаравжамц “Би энэ эсэргүүцлийг дэмжиж үсээ хусуулахаар болсон. Би олон жилийн хугацаанд төрийн эрх мэдэлтнүүд, өнөөгийн төр засагт горьдлого тавьж явлаа. Гэтэл өнөөгийн төр засаг горьдлогыг минь тасалж энэ эсэргүүцлийг гаргахаас өөр аргагүй байдалд хүргээд байна. Монгол эр хүний хувьд үсээ хусуулна гэдэг бол баярлаад бахдаад байхаар сайхан зүйл биш юм. Зарим нэг хүмүүс үсээ хусуулж сэрүүцмээр санагдсан уу гэж тоглоом хийж байна лээ. Үсээ хусуулж сэрүүцмээр санагдсан бол гурван настайдаа үсээ авхуулснаас хойш 37 жилийн турш сэрүүцэх боломж байсан. Тиймээс энэ эсэргүүцэлд маань олон монгол залуусыг нэгдээсэй гэж уриалж байна” гэв.