Улсын их хурал

АН бүлэг хуралдаж байна

М.Энхмаа
2015-06-29 05:42

Долоо хоног бүрийн эхний өдөр УИХ дахь бүлгүүд хуралдаж хэлэлцэх асуудлынхаа талаар байр сууриа нэгтгэдэг. УИХ дахь МАН-ын бүлэг болон бие даагчдын зөвлөл тус тус хуралдаж сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн байна. Харин АН-ын бүлгийн хурал тодорхой шалтгаанаар хойшилсны улмаас хуралдаж дуусаагүй байгаа ажээ.

МАН бүлэг : Тавантолгойн асуудлыг судалж үзэх талаар ярьж байгаа

МАН бүлгийн хуралдаанаараа Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж дэмжсэн бөгөөд хуулийн төслийн цалин урамшуулалтай холбоотой асуудлыг хөндөж ярилцсан аж.

МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр:

“Энэ хуулийн төсөлд хөдөлмөрийн хөлс, цалинг тогтоохдоо хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулж, ур чадвартай нь уялдуулах, цагаар ажилласан тохиолдолд хөдөлмөрийн цагийн үнэлэмжийг нарийвчлан тогтоох зохицуулалтыг өгсөн. Авч байгаа цалингийн хэмжээ нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэйгээ уялдаж байх, худалдан авах чадварыг нэмэгдүүлэх зэрэг чиглэлийг бүлгийн зүгээс салбарын сайдад өгсөн” гэжээ.

Мөн бүлгийн хуралдаанаар Эрүүгийн хууль болон бусад холбогдох хуулийн төслийн талаар хэлэлцэж, нэгдсэн байр суурьт хүрсэн байна. Өнгөрсөн долоо хоногт МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан бөгөөд өнөөдрийн хуралдаанаар энэ хуулийг хүлээж авах боломжгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ. Уг хуулийн төслийн талаар  дэмжихгүй гэсэн албан бичиг УИХ-ын даргад хүргүүлэхээр шийдсэн байна.

О.Содбилэг гишүүн :

“ЗГ-аас өргөн баригдах “Тавантолгой”-н асуудлыг судалж үзэх талаар ярьж байгаа. “Оюутолгой”-н далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөнд  Ерөнхий сайд гарын үсэг зурсан. Үүнийг манай бүлгээс ажлын хэсэг байгуулагдаад судалж байгаа. Удахгүй дүгнэлт гарна. Ер нь урт хугацаандаа тогтвортой биш гэрээгээр хийх ёстой зүйлийг төлөвлөгөө гэж тусгаж явсан нь харагдаж байгаа.” гэсэн байна.

Бие даагчдын зөвлөл : Захиалгын хуулийн эсрэг хатуу тэмцэнэ

Бие даагчдын зөвлөл хуралдаж энэ долоо хоногт УИХ, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар байр сууриа нэгтгэсэн байна.

Ц.Даваасүрэн гишүүн :

“ ЗГ-аас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөлд УИХ нухацтай хандах ёстой.

 УИХ-ын сонгууль болоход нэг жил үлдсэн. Тиймээс 2012 оны сонгуулийн амлалтын хэрэгжилт, биелэлтийг дүгнэх хэрэгтэй. Мөн өнгөрсөн жил төсвийн орлого 1.6 их наяд төгрөгөөр тасарсан шалтгааныг судлах шаардлагатай. Орлого төвлөрөхөд юу саад болов, хүнд хэцүү үед ямар компани татвараа төлсөн, ямар компани төлөөгүй вэ гэдгийг УИХ-ын төвшинд сайн ярих хэрэгтэйг санууллаа.

Эрүүгийн хуулийн хуулийн төсөлд нийгэм, эдийн засгийн өөрчлөлттэй холбоотойгоор шинэ заалтууд орсон байна. Гэхдээ учир дутагдалтай зүйл байгаа. Жишээ нь Эрүүгийн хуулийн  төсөлд “улстөрчийн биед хүрвэл 5-12 хүртэл жилээр ял өгөх”-өөр заасан нь эрх мэдэл бүхий хүмүүсийн эрх ашгийг хамгаалахад чиглэж байна” гэсэн юм.

 Мөн Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах хүрээнд газрыг үл маргах журмаар барьцаалагч авахаар тусгасныг эсэргүүцэж байгаагаа мэдэгдээд захиалгын хуулийн эсрэг хатуу тэмцэнэ гэлээ.