Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг эзэддээ хүрлээ
Өнөөдөр Төрийн ордонд Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг гардуулах ёслол болж 34 шилдэг оюутан тэтгэлгээ гардаж авлаа.
Энэхүү тэтгэлгийг жил бүр мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авьяас, ур чадварыг хөгжүүлэх, урамшуулан дэмжих зорилгоор үлгэр жишээ, онцгой амжилт гаргасан дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутнуудад олгодог.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оюутнуудад хандаж хэлсэн үгэндээ
“Төрийн өмчийн их, дээд сургуульд бүтцийн болон хөтөлбөрийн өөрчлөлт, шинэчлэлт хийгдсэнээр дээд боловсролын чанарыг олон улсын жишигт ойртуулах, сайжруулах, удирдлага, багшлах хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх, ижил төрлийн мэргэжлийг нэгтгэх, зах зээлийн эрэлттэй уялдуулах, төгсөгчдийн ажлын байрны хангамжийг дээшлүүлэх зэрэг нааштай үр дагавар ажиглагдаж эхэллээ. Дээд боловсролын шинэчлэл, чанартай холбоотойгоор гадаад орны хөрөнгө хүчийг татан оролцуулах, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, 1000 инженерийг өндөр хөгжилтэй оронд бэлтгэх, дэлхийн топ их сургуулиудын бакалаврын түвшний сургалтад шилдэг оюутнуудаа хамруулах, их сургуулийн эмнэлэг байгуулах, үндэсний тэтгэлгийг сургалтын амжилттай холбон олгох гэх мэт олон бодлого, шийдвэрүүдийг гарган Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн нь цоо шинэ арга хэмжээ болж байна.” гэжээ.
Мөн тэрээр Монгол орны ирээдүй залуучуудын гарт байгаа гэдгийг онцолсон байна.