Австрали улс Хятадын банкны 6 дахь том хувьцаа эзэмшигч боллоо
Хятадын Бээжин хотноо "Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк"-ны олон улсын гишүүдийн уулзалт боллоо. Уулзалтад 57 улсын хүндэт төлөөлөгчид оролцсон бөгөөд 50 улс тус банканд нэгдэхээ мэдэгдэж санамж бичигт гарын үсэг зурсан байна.
Энэхүү банк нь Дэлхийн Банк болон Азийн Хөгжлийн Банктай эн зэрэгцэх санхүүгийн шинэ байгууллага гэгддэг. Олон улсын санхүүгийн зах зээлд гарч, нөлөөлөх болон Азийн хөрш орнууд, Африк, Латин Америкийн улс орнуудтай хийх гадаад худалдааг өргөтгөж, тэлэх Хятадын бодлогын дагуу Бээжингээс гаргасан олон санаачлагын нэг нь энэхүү "Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын Банк" билээ.
Хэдхэн сарын өмнө Австрали тус банканд нэгдэхэд бэлэн гэдгээ мэдэгдэж байсан ч АНУ, Япон зэрэг улстай АДБХОБ-ыг удирдах асуудлуудыг хэлэлцэж байсан удаатай. Гэсэн ч санамж бичигт гарын үсэг зурсан эхний орон Австрали улс болж, тус банкны 6 дахь том хувьцаа эзэмшигч боллоо. Хятадын Сангийн яамны мэдээлснээр үлдсэн 7 улс нэгдэхээ мэдэгдээд байгаа ч дотоодын зөвшөөрөл аваагүйн улмаас хараахан гэрээнд гарын үсэг зураагүй аж.
Ийнхүү Австрали улс Азийн дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэхэд 5 жилийн хугацаанд 930 сая доллар гаргах юм.