Маргааш тэврэлтийн өдөр
Тэврэлтийн өдөр хүрээгээ улам тэлжээ. Олон улсад 1-р сарын 21-нийг “Тэврэлтийн өдөр” болгож тэмдэглэдэг. Харин манай улсад Гоолингоо.мн-ий санаачлагаар, эерэг үзэл бодолтой залуучууд 7-р сарын 1-нийг “Тэврэлтийн өдөр” болгон, 2013 оноос хойш тэмдэглэж байна. Энэ өдөр эргэн тойрныхноо тэврэхээс гадна, залуучууд Чингисийн талбай дээр цугларч тааралдсан хүн болгондоо тэврэлт бэлэглэдэг уламжлал тогтжээ.
Харин 2015 оны “Тэврэлтийн өдөр”-ийг Нийслэлийн Соёл Урлагийн Газар, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр дэмжиж байгаа бөгөөд манай улсыг эергээр сурталчлах, хотыг илүү найрсаг гэгээлэг болгоход хувь нэмрээ оруулах тал дээр хамтран ажиллаж байгаа аж. Мөн ҮСАХ, Улаанбаатар их дэлгүүр, Өргөө кино театр зэрэг томоохон үйлчилгээний газрууд “Тэврэлтийн өдөр”-ийг зохион байгуулан, тэр өдөр хэрэглэгчиддээ тэврэлт бэлэглэхээр болжээ.
Уламжлал ёсоор, 7-р сарын 1-нд хотын гудамжаар тэврэлтийн цуваа явж, олон хүнд тэврэлтээр очих гэнэтийн бэлгийг барих болно. Өмнөх жилүүдээс ялгаатай нь нийгэмд сайн өөрчлөлт авчрахыг хүссэн залуус Парк (ҮСАХ), Тэнгис кино театр, Фонтан, Бөхийн Өргөө гэсэн цэгүүдэд 18 цагт цугларч, 4 зүгээс бусдыг тэврэн явсаар бүгд Чингисийн талбайд нэгдэн төгсөлтийн тэврэлтээ хийх гэж байгаа аж.
Цаашид “Тэврэлтийн өдөр” улс даяар тэмдэглэгддэг онцгой баярын өдөр болохыг үгүйсгэх аргагүй.