2025 оноос албан хэргийг үндэсний бичигтэй хослуулан хөтөлдөг болно
Өнөөдрөөс 2-р сарын 12-нд батлагдсан Монгол хэлний тухай хуулийг хэрэгжүүлж эхэлж байгаа юм байна. энэхүү хуулийн гол зохицуулалтыг та бүхэнд хүргэж байна.
Монгол улсын нутаг дэвсгэрт дараах үйл ажиллагаа, албан хэргийг монгол хэлээр хөтлөн явуулна.
- Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагаа, албан хэрэг хөтлөлт
- Төрөөс олгосон зөвшөөрлийн дагуу гадаад хэлээр сургалт явуулдаг байгууллагаас бусад бүх шатны боловсролын байгууллагын сургалт / Гадаад хэлийг тавдугаар ангиас эхлэн зааж болно/
- Бүх шатны шүүн таслах ажиллагааны тэмдэглэл, архивын холбогдох баримт бичиг
- Монгол улсын олон улсын гэрээ
- Монгол улсаас гадаад улс, дипломат төлөөлөгчийн газарт илгээх албан ёсны ноот бичиг
- Монгол улсын иргэний үнэмлэх, төрсний болон гэрлэлтийн гэрчилгээ, үндэсний гадаад паспорт, боловсролын баримт бичиг
- Газар нутаг, засаг захиргааны нэгж, гудамж, зам, талбай, хуулийн этгээдийн нэр, хаяг
/ Газар нутаг, гудамж, зам, талбайд гадаад нэр оноох асуудлыг нутгийн өөрөө удирдах байгууллага Хэлний бодлогын үндэсний зөвлөлтэй зөвшилцөн шийдвэрлэнэ/
- Монгол улсын нутаг дэвсгэр дээрх бичиг, захидал хүлээн авагч, илгээгчийн хаяг
- Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас хэвлэн гаргах мэдээлэл, товхимол
- Олон нийтэд зориулсан зар
- Албан байгууллага, барилга, байгууламж, нийтийн тээврийн хэрэгсэлд байрлуулах зааварчилгаа, мэдээлэл, аюулгүй ажиллагааны санамж
Дээрх үйл ажиллагааны албан хэрэг хөтлөхөд олон улсын харилцааны хэрэгцээ, шаардлагыг харгалзан гадаад хэл давхар хэрэглэж болно.
Үүний зэрэгцээ Монгол улсад суугаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн газар болон олон улсын байгууллага Монгол улсын иргэн, хуулийн этгээдэд гадаад хэлээр хандах бол монгол орчуулгыг хавсаргах ажээ.
Монгол улсад аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа гадаад хүн, ТББ, Монголын төрийн байгууллага, иргэнтэй монгол хэлээр харилцаж, санхүү, татвар, хөдөлмөр, ажлын байрны аюулгүй байдал, эрүүл ахуйн холбогдолтой баримт бичиг, мэдээллийг монгол хэлээр үйлдэх тухай зохицуулалтыг оруулж өгсөн байна.
Монгол хэлний хуульд заасан гадаад хэлний тусгай зөвшөөрөл бүхий ЕБС-аас бусад ЕБС-д гадаад хэлийг 5-р ангиас, үндэсний бичгийг 6-р ангиас эхлэн заах, монгол хэл, үндэсний бичиг, уран зохиолын хичээлийг эрх бүхий байгууллагаас баталсан хуулийн хөтөлбөр, агуулга, стандартын дагуу тасалдалгүй явуулахыг зөрчвөл нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ажээ.
Мөн үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлэн үндэсний бичгийн хэрэглээнд албан ёсоор шилжиж 2025 оны 1-р сарын 1-ээс төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирил болон үндэсний бичгээр хөтлөн явуулдаг болох юм байна.