Дэлхийд

Урлагийн олимп гэгддэг П.И.Чайковскийн нэрэмжит XV уралдаанд Г.Ариунбаатар түрүүллээ

О.Намуун
2015-07-01 22:45

Дэлхийн урлагийн олимп гэгддэг П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдаан энэ жил 15 дахь удаагаа зохион байгуулагдсан билээ. Тус уралдаанд манай орноос 5 дуурийн дуучин оролцсон юм. Тэгвэл уг тэмцээний сүүлийн шалгаруулалт өнгөрсөн шөнө болж, МУГЖ Г.Ариунбаатар тэргүүн байр эзэлжээ. Тэрээр олон улсын дуурийн дуучдын дөрвөн том наадамд оролцож, түрүүлж байсан удаатай. 

Уг уралдаанд 39 орны 500 гаруй авьяастан оролцсоноос дөрвөн шатны шалгаруулалтаар шилдгийн шилдгийг тодруулсан юм. Эцсийн шатанд тэрээр "Трубадур" дуурийн Ди лунагийн ари, "Пиковая дама" дуурийн Елецскийн арийг дуулан Өмнөд Солонгос, Хятад, Орос, Армен зэрэг улсын дуучидтай өрсөлдөж ийнхүү ялагч болсон байна.