Ч.Сайханбилэг : Монгол улсад хөрөнгө оруулах хамгийн том давуу тал бол байршил
Эдгээр өдрүүдэд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ИБУИНВУ-д ажлын айлчлал хийж байгаа юм. Тэрээр өчигдөр Лондонгийн Хөрөнгийн биржийн өдрийн арилжааг нээн, хөрөнгө оруулагчдын бизнес уулзалтад оролцож үг хэлжээ.
Энэхүү уулзалт нь Ерөнхий сайдын ажлын айлчлалын хүрээнд зохион байгуулагдах гурван том уулзалтын нэг бөгөөд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газар Лондонгийн Хөрөнгийн биржтэй хамтран “МОНГОЛ УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, БИЗНЕСИЙН БОЛОМЖУУД” сэдвийн дор зохион байгуулсан байна.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бизнес уулзалтыг нээж хэлсэн үгэндээ :
“Лондонд би олон удаа ирж байсан. Энэ удаа Ерөнхий сайдын хувиар ирж байгаадаа баяртай байна. Танай улсад айлчлахаасаа өмнө ОХУ, АНУ-д ажлын айлчлал хийлээ. Миний тэргүүлж байгаа Засгийн газар “Эдийн засаг” гэсэн чиглэлд гол анхаарлаа хандуулан ажиллаж байна. Эдийн засгийг солонгоруулахад олон салбарт хөрөнгө оруулалт татах хэрэгтэй. Уул уурхай бол зөвхөн нэг өнгө нь юм. Монгол Улсад Хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг хөрөнгө оруулах маш олон салбар байна. Манай улс өнөөдөр дэлхийн ноолуурын зах зээлийн гуравны нэгийг нийлүүлж байна. Хөрөнгө оруулагчид цөөн хүн амтай улсад хөрөнгө оруулаад ашигтай эсэх талаар асуудаг. Монгол Улсад хөрөнгө оруулах хамгийн том давуу тал бол байршил юм” гэдгийг онцолсон байна.
Өнөөдөр Монголд Английн томоохон компаниуд, бизнес эрхлэгчид үйл ажиллагаа явуулж байна. Цаашид Монгол улстай олон салбарт хамтран ажиллах боломж байгааг хэлэхийн зэрэгцээ хөрөнгө оруулах хүсэлтэй хэн бүхний өмнө манай улс нээлттэй байна гэдгийг онцлон Английн бизнес эрхлэгчдийг Монгол Улсад хөрөнгө оруулахыг уриалжээ.
Хөрөнгийн биржийн ерөнхийлөгч Хавиер Руле манай хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаагаа өргөжүүлэх ач холбогдлыг онцлоод Монголын Хөрөнгийн бирж Лондонгийн Хөрөнгийн Биржтэй хамтран ажиллах тухай “Ажлын мастер гэрээ”-нд 2011 оны 4 дүгээр сарын 7-нд гарын үсэг зурсан.
Хөрөнгийн биржийн ерөнхийлөгч Хавиер Руле :
“ Энэхүү гэрээний хүрээнд хамтран ажилласнаар үнэт цаасны арилжаа явуулах орчин үеийн цогц системийг нэвтрүүлж, эрх зүйн орчин, дэд бүтэц, технологи, боловсон хүчний чадавхийг олон улсын стандартад хүргэхийг зорьсон. Хоёр Хөрөнгийн бирж хоорондын стратегийн хамтын ажиллагааг дахин гурван жилээр сунгах гэрээнд 2014 оны есдүгээр сарын 9-нд Лондон хотноо гарын үсэг зурсан. Хамтын ажиллагаа амжилттай үргэлжилнэ гэдэгт итгэж байна. Мөн ирэх гурван жилд хоёр бирж стратегийн түншүүд гэсэн статусаа хадгалж, программ хангамжийн үйлчилгээг 90 хувиар хөнгөлнө. Олон улсын “FTSE Mongolia” индексийг гаргахад хоёр тал хамтарч ажиллахаар болсон. Энэхүү ажлыг амжилттай зохион байгуулснаар Монголын хөрөнгийн зах зээлийн мэдээ өдөр бүр дэлхий дахины сонорт хүрч байх болно. Улмаар Монголын Хөрөнгийн биржийг олон улсад гаргахад манай бирж бүх талаар тусалж дэмжин хамтран ажиллах болно” гэсэн аж.