Засгийн газар

Ч.Сайханбилэг : Хөрөнгө оруулагчдын хувьд Монголын үүд хаалга үргэлж нээлттэй

М.Энхмаа
2015-07-01 23:41

ИБУИНВУ-д ажлын айлчлал хийж буй  Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээллийн томоохон агентлагууд болох “CNBC” телевиз, “Financial Times” сонин, “Ройтерс” агентлагт ярилцлага өгсөн байна. 

Тэрээр Монголын эдийн засгийн үзүүлэлтүүд болон хөрөнгө оруулагчдыг татах чиглэлээр хийж байгаа ажлуудынхаа талаар сэтгүүлчидтэй ярилцаж, сонирхсон асуултад хариулт өгсөн ажээ.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг :

Монгол Улс бизнесийн салбарт эргэн ирсэн. Өнөөдөр Монгол Улсыг хөрөнгө оруулагчид анхааралтай харж байгаа. Өнгөрсөн жил манай улсын эдийн засаг 7,8 хувийн өсөлттэй гарсан. Гадаадын хөрөнгө оруулалт эдийн засагт богино хугацаанд эерэг нөлөө үзүүлдэг. Бид хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинээр боловсруулж баталсан. Уг хуулиар гадаад дотоод хөрөнгө оруулагч гэж ялгалгүйгээр бүгдэд нь ижил нөхцөл өгсөн.

Монголын эдийн засаг зөвхөн уул уурхайгаас хамааралтай байх ёсгүй. Бид эдийн засгаа төрөлжүүлэх дээр ажиллаж байгаа. Монгол Улсад хөдөө аж ахуй, аялал жуулчлал гээд хөрөнгө оруулах олон салбар байна.

Манай улс гурван сая хүн ам, өргөн уудам нутаг дэвсгэр, 60 гаруй сая толгой мал, 80 орчим төрлийн элементтэй 6000 гаруй байгалийн баялаг ордтой. Өнөөдөр эдийн засагт бий болж байгаа боломж бололцоог урт хугацаанд ашигтай байлгахад хүчин чармайлт гарган ажиллаж байна.” гэжээ.

Мөн “Бидний зүгээс хөрөнгө оруулагчдад өгч байгаа хамгийн чухал мессеж бол хөрөнгө оруулалт хийх, бизнес хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх бүх харилцаа чөлөөтэй. Хөрөнгө оруулагчдын хувьд Монголын үүд хаалга үргэлж нээлттэй байна” гэсэн аж.